1996-2000 онд засагласан АН-ын гунигт туршлагыг монголын ард түмэн, иргэд, сонгогчид бүгд мэднэ. Тэд цоо шинийг оруулж ирж чаддаг, хийдэг, нийгмийн бузар булайг онгичдог, сайжруулах үндсийг тавьдагч, нялхасын өвчиндөө баригдаж, өөр хоорондоо алалцаж тамираа барж, нэр хүндээ алдаж, урван хөрвөж, сөрөг хүчиндээ идэш болдогийг жинхэнэ ёсоор харуулж, сөхрөн ойчсон.
Тэрүүхэн үед аз болоход АРДЧИЛАЛ өнгө мөнгө, олигархийн өмнө сөхрөөгүй, нам дамжсан олигполь улс төр цэцэглэж амжаагүй, урвагч байсан ч дотроо найз нөхдөөсөө нүүр буруулдаг байснаас өнөөгийнх шиг нам дамжин урваж хуйвалддаг бузартсан сэтгэлгээ байгаагүй.
Гэлээ ч ялагдснаас хойш чилийсэн 12 жил толгой өндийлгөж чадаагүй. Их цаг алдаж, сөрөг хүчин их алдаа гаргаж бидэнд ялах боломж арай хийж ирсэн. Морин дээрээ сөрөг хүчнийг ялсан ч мориноос буугаад төрөө засахдаа дахиад бид алдлаа.
Яагаад алдлаа гэвэл өмнөх намын даргын үед АН-ын рейтинг 38 хувь, сөрөг хүчин МАН-ых 21 хувь байлаа.
Одоо ганцхан жилийн дотор ямар байна гэвэл, анхаараарай МАН 35.3 хувь, АН 31 хувь болж бүтэн 20 пунктээр биднийг гүйцэж түрүүлсэн байна шүү. Одоо бүүр доошиллоо.
Яагаад МАНАН байгуулах санал санаачлагыг гарган, байгуулж, төрийн гурван өндөрлөг бүгд АН байсаар байтал, сонгуулийн бүх шатанд ялсан байтлаа, ялалтаа ялагдал болгон, сөхрөн унасан МАН-ыг татан босгож, төр засгийн ажил урагшаа биш зогсонги байдалд орж, дотроосоо гацаж, эдийн засаг бүтээн байгуулалт хямрахад хүрэв. АН-ын нэр хүнд унахад юу нөлөөлсөн бэ..
Хэзээнээс эхэлж рейтинг буурсан бэ
Үнэндээ шинэчлэлийн засгаар оролдож, бодлогыг нь шүүмжилж, ажлыг нь гацааж эхэлсэн 2013 оны 1 дүгээр сараас эхэлсэн гэж болно.
Завсар зайгүй сайдуудыг сугалж огцруулах гэсэн оролдлого, дан давхар дээл ярьсан бүтэн жил, эцэстээ МАНАН байгуулах санаачлага нөлөөлснийг АН-ын нийслэл орон нутгийн анхан шатны байгууллагууд, гишүүд тун сайн мэдэж байна.
МАНАН байгуулахын сайн сайхныг хичнээн янзаар уран гоё тайлбарлаж болох ч сайн сайхныг нь олж харсангүй.
Улс орноороо эвлэлдэн нэгдэх, том төслүүдээ явуулах, үндсэн хуулийнхаа гажгийг засах гээд сайхан санаанууд байсан ч бүтсэн нь хаа байна.
МАН-д жинхэнэ завшаан болж муу байвал сайн гэгчээр самарч өглөө дөө.
Авсан бүх яамандаа АН-ханыг бараг 100 хувь хөөн зайлуулж ажилгүй болголоо. Орон нутагт ажил хийлгэхгүй улс төржих, халаа сэлгээ дээрээс дооргүй хийх, гацаах ажлыг жинхэнэ хийж өгсөн.
“Хоёр толгойн” ажил таг гацлаа. Оруулж ирсэн төсөл нь бидний бодсноос тэс өөр. Бид Оюу толгойн хөрөнгө оруулалтын завхралыг хүлээн зөвшөөрч, татвар төлөлтөд буулт хийж, алдагдал хүлээх гэж МАНАН байгуулсан хэрэг үү.
Бид Таван толгойнхоо хувьцааг 100 хувь эзэмшсэн төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” байсаар байтал тэрбум долларын өртэй нам дамжсан олигархийн компанид өгч алсдаа бүрэн алдах, АН саналын дэмжлэг, санхүүгийн хувьд ялагдах нүхээ ухах гэж МАНАН байгуулсан болж байна уу гэсэн асуулт зүй ёсоор намын гишүүдийн өмнө тавигдаж байна.
МАН-ын сайд Д.Оюунхорол, Н.Төмөрхүү, Д.Эрдэнэбат, Д.Цогтбаатар нар АН-ын гаралтай бүх төрийн албан хаагчийг хөөн зайлуулсан.
Лав БОНХАЖЯ-д ганц хүн л албандаа үлдэж, БХБЯ-д ганц төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн яаманд хөдлөөгүй халагдаагүй хүн алга.
Гэтэл тэдний хийж байгаа ажил нь зөвхөн сонгуулийн шоу болсон. Бид бүгд харсан.
Хэн буруутай вэ.
Хэн буруутай талаар нялуурч нялцаганаад байх шаардлаггүй.
Яс юман дээр МАН-тай нийлж өөрсдийнхнөө нухсан, хээрийн боохойтой нийлж, хонио зааж өгдөг ноход болсон нөхдөө эхлээд ярьсан дээр байх.
Өөрийнхөө байгуулсан засгаа унагаалцсан, түүнийг сэдсэн, ил далд дэмжсэн, манай намаас суудал хүртсэн, намын нэр ашиглаж сэнтийд заларсан журмын маань нөхөд маань гэж анхан шатандаа намын масс нэг мөр ойлголттой боллоо.
Үүнд олон удаа намын нэрээр, түлхээсээр өндөр алба хашиж, олон түмнээс тасарсан, их хурлын сэнтийг өмчилсөн, тэрүүхэндээ цагийн байдлыг ашиглаж урваж шарваж амьдардаг АН гишүүд бидний тархины, түрийний бөөс болсон нөхөдөд маань их учир байна.
Намын рейтинг унах гол шалтгаан болох засгаа хэн хэн хөмөрсөн бэ
АН-ын жирийн гишүүдийн ой санамжинд үлдснээр, АН-хаа өмнө үүрэг хариуцлага хүлээж, нийтээр хүлээн зөвшөөрч баталсан үндсэн дүрмийнхээ заалтыг нулимж, дээр нь гишгэчсэн нөхдөд сануулъя.
МАНАН байгуулж ард түмнээ жаргаах гэсэн сайхан үгээр бялууруулж, дан давхар дээл ярьсаар далдуур гардан зохион байгуулсан нөхдүүд чинь ард түмний ярьдагаар Төрийн гурван өндөрлөг маань арай биш байгаа даа. Биш гэж цайлгая.
2012 оны сонгуулийн ялалтаар байгуулж, гишүүдийн олонхийг “хөл хөсөр, гар газар” болгосон засгийн газрыг огцруулахад хурлыг 3 үсэгтэй байгууллага болон түүнийг атгасан нөхдийн дарамтанд орж, “төмсөгдүүлэн” хурал тасалсан, ниссэн шонхоруудаа дахин санацгаая.
1. Д.Ганхуяг,
2. С.Эрдэнэ
3. Г.Баярсайхан
4. Д.Арвин
5.Д.Ганбат
6. М.Батчимэг
7.С.Одончимэг
Давхар дээлээ тайл, ухаалаг төртэй болцгооё гэсээр эсрэг санал өгсөн нөхдүүд бол Р.Амаржаргалаас бусад нь “замд суусан туулай” нар байлаа.
- 1. Р.Бурмаа
- 2. Ж.Батзандан
- 3. Х.Баттулга
- 4. М.Зоригт
- 5. Б.Наранхүү
- 6. Л.Эрдэнчимэг
- 7. Д.Батцогт
- 8. Р.Амаржаргал
Ингэхэд хамгийн чангаар дээл тайлуулах гээд зүтгээд байсан Р.Бурмаа, Г.Баярсайхан, М.Зоригт, Баянсэлэнгэ, Батцэрэг нар засгаа сайдаар шагнуулаад дээлээ тайлсан уу, аль эсвэл үүнийг монголын улс төр гэх үү, шудрага сайн хүн гэх үү, эсвэл албан тушаалын төлөө билгийн нүдээ сохолж, эцгийнхээ нэрийг худалдахаас буцахгүй амьтан гэх үү.
Н.Алтанхуяг ч гэж дээ тэнэгтэж өөртөө хог хурааж явдаг, тоос сорогчны шүүлтүүр шиг хүн юм.
Хэрэгт орооцолдоод, өнөө маргаашгүй баривчлагдах гэж явсан, ганцхан удаа дэвшиж хэргээс мултарая гэж гуйж гувшиж, уйлан дуугарсан Б.Наранхүү, Ж.Батзанданг намд авахдаа, олон мянган туршлагатай гишүүд, эрдэмтэд байхад намд элсээд ганц жил болсон М.Батчимэг, хөдөлгөөнөөс ирсэн Р.Бурмаа нарыг намын жагсаалтаар дээгүүр оруулж ирчхээд ингэж нулимуулсан нь ёстой хохь нь.
Нөхрийн хуучин, дээлийн шинэ гэдэг дээ. Хуучин нөхөд нь списк дотор бүр хойгуур юм уу бүр байхгүй.
Энэ бол толгойлогчдоо үргэлж бууж өгч хуучин гишүүдийн дургүй хүргэж байдаг, нам улс төрд явж байгаагүй тэдний “шахаасны туулайнууд” чирч ирсэн нь түүний ноцтой алдаа бас сургамж.
Х.Баттулга, М.Зоригт, Д.Батцогт, Л.Эрдэнчимэгтэй үлийгээ ярих билээ. Цэцгийн балыг нь сорчихоод өөр цэцэг хайдаг эрээн шавьж лугаа ийм хүмүүсийг байгаагаар нь ойлгоцгоо АН-ынхаан.
Хэн хамжилцав
Аливаа дарангуйлагчийн хүсэл зорилгыг биелүүлэх, санааг гүйцэлдүүлэх гол хэрэгсэл ташуур, буу, шорон, амлалт, урвалт, хахууль. Түүнийг гүйцэлдүүлэгч хүчний байгууллага байдаг.
Үүний хамгийн том жишээ: СССР-ын НКВД нарком внутренных дел, хуучийн коммунист монголын До яам, шинэ монголын 3 үсэгт.
Сүүлийн үед АН-ын рейтинг хурдан унахад хүрэв. МАН-хан тэр чигтээ авилгалд живсэн гэсэн сэтгэгдлээс АН-хан ч адилхан авилгач, дээрэмчид гэсэн сэдэл рүү түргэн орсонтой бас холбогдоно.
Маш олон АН-ын гишүүдийг 3 үсэгтэй газартай холбогдуулан нийгэмд сөрөг ойлголт цацаж, жигшүүлж эхэлсэн.
Бидний олон сайн үнэнч нөхөд, бизнесмен, улсын үйлдвэрийн газрын дарга, төрийн албан хаагчид улс төрийн болон өмчийг нь дээрэмдэх зорилгын золиос болон шоронг чигжлээ.
Гэтэл хүн бүхний андахгүй мэдэх 20 жил төрөөс хагартлаа хулгайлж, авилгадаж, хахуулдсан, УБ-ыг утаа, түгжрэл, газрын хомсдол, экологийн доройтол, гэмт хэрэг, бие үнэлэлт, ядууралд оруулсан нийгмийн ялгаралын гол буруутан болсон МАН-ын газар даашгүй хэрэгтэнгүүд шалгуулах нь бүү хэл бидний зарим лидертэй “хээл нэгтэй, хэлхээ бэхтэй” болчихсон гэж ярилцаад байгаам биш үү.
Хаа байна тэр шудрага ёс чинь.
Гурилын хулгайчийн гуяа нь цагаан болох байтугай бүх биеэрээ уул уурхайн хулгайлсан баяжмалын тоосонд дарагдчихсан хажууд маань сууж л байгаа юм биш үү.
Зорилгоо саадгүй гүйцэлдүүлэхийн тулд До яам хэрэг болж түүнийг сэмхэн ганц цагийн дотор байгуулжээ л гэж харагдаж байна.
Түүнийг байгуулах сэдлийг хэрэгжүүлсэн гишүүд голдуу 3 үсэгтэй газартай холбогдсон нээнтэгтэй юм уу, АН-ыг үзэн ядагсад, эсвэл сэтгэцийн гаж хүмүүс байсныг дахин санаж авцгаая.
Өөрөөр хэлбэл прокурорын мөрдөнг 3 үсэгтэй газар өгч, хүний эрхийг гарын үзүүрээр зөрчдөг байгууллага байгуулах захиалга авч хууль батлуулсан гишүүд.
МАН-аас С.Хүрэлбаатар, А.Тлейхан энэ 2 нэр нь байсан ч оролцоогүй, өнөөдөр Оюуныг хорлож гарч ирсэн АН-ын улайрсан дайсагнагч болох Д.Оюунхорол, Д.Хаянхярваа ба АН-аас сэдэгчид нь мөнөөх Р.Бурмаа, Ж.Батзандан нар байлаа. Эзэд нь хэн гэдгийг гадарлах бизээ.
Одоогийн өнцгөөс харахад захиалагчид нь өөрсдөө хяналтаа алдаж, оосорлогдсон байх магадлал өндөр.
Энэ их осолтойг нотолсон түүхээр түр өндөрлөе.
Монголын До яамны үндэс нь үгэнд ордоггүй, өөрийн бодолтой, лам нарыг устгахыг янз бүрийн аргаар гацаадаг, хамтрал хомуун байгуулахыг монголын уламжлалд тохирохгүй, шашинаар оролдох нь олон хүний сэтгэл зүйг эсрэгцүүлнэ гэж байсан ерөнхий сайд асан С.Гэндэн, А.Амар нарыг холдуулахын тулд СССР-т тусгайлан бэлдсэн хүндээ газрыг До яам болгон байгуулж өгөөд тусгайлан олон лимузин, эд бараа шагнаж, хуваарилуулан, нэр хүндийг өсгөн, ерөнхий сайдыг хүчгүйдүүлэн улмаар баривчлуулж, ерөнхий сайдын суудал авч санаснаа хэрэгжүүлж 20 мянга, зарим эх сурвалж 100 мянга гэх хүнийг баривчлан хороосон нууц эзний хүсэл байсан.
Хамгийн харамсалтай нь энэ байгууллага эзэд гүйцэтгэгчдийнхээ амийг авч оддог чөтгөрийн тойрогт оруулдаг аюултайг бид түүхээс харах ёстой. Энэ байгууллага голдуу үндсэн хуулийн бус, онц эрх мэдэлтэй байгуулагдсан байдаг юм билээ.
Хамгийн их хүний эрх зөрчсөн домогт энэ байгууллагын загалмайлсан эцэг нь СССР-т 1917 онд байгуулагдсан ВЧК /всероссийская чрезвычаяная комиссия/ манайхаар чека юм. Онц бүрэн эрхтэй гэж байгаа биз. Хожим НКВД, КГБ болон төгөлдөржсөн.
Оросын ч монголын ч энэ байгууллагуудын хэлдэг үг яг адилхан, зорилго адилхан, хүний эрхийг зөрчиж, хууль бус байгааг хэлбэл хариу хэлэх үг нь яг адилхан байдаг.
Байгуулсан зорилгоо тэд: “по борьбе с контрреволюцией и саботажем эсвэл по борьбе с контрреволюцией и преступлениями по должности” гэх бөгөөд эсэргүүцвэл хувьсгалын эсэргүүтэй тэмцэх тэмцлийг эсэргүүцэж байна, тэр бол ардын дайсан гэж их хэмжээний ухуулга явуулдаг байлаа. Дараа нь чад.
Манайд яг адил. Авилгатай өдөр шөнөгүй тэмцэж байхад хүний эрх мэрх гэж эсэргүүцвэл авилгатай тэмцэх ажилд саад болж байна, ашиг сонирхолын зөрчилтэй ч гэдэг юм уу, эргэж дайрна.
Дараа нь “И.В.Сталин багшийн” агуу хэлц үг болох “ХҮН НЬ БАЙХАД ХЭРЭГ НЬ ОЛДОНО” гэдэг арга барилаар ажиллана. Энэ бол хуулийг яаж ч тайлбарлаж болдогийн агуу нотолгоо.
Гэвч харамсалтай нь тэр механизм нь эргэж дандаа эзнээ залгисан түүхтэй байх юм билээ.
Ф.Э.Зержинский анх 1917 онд байгуулж, хожим нууц эзэндээ алуулсан /23-34 он/,дундуур нь В.Р.Менжинский нэг хэсэг байснаа нууц эзэндээ нухуулсан, Г.Г.Ягода /34-36 он/ дараагийнхаа Н.И.Ежовт алуулсан, Н.И.Ежов /36-38 он/ дараагийнхаа Л.П.Берияд алуулсан, Л.П.Берия /38-45 он/ Н.С.Хрущевийн санаачлагаар Г.К.Жуков зохион байгуулж, армийн генераль Масколенкогоор алуулсан байдаг юм билээ.
Монголын чекагийн ийм түүх бүү хэл 3 үсэгтийн нэн шинэ түүхийн удирдагчид яалаа.
АН-ын гишүүд, АРДЧИЛАЛЫН анхдагчид бид 1990 онд МоАХ-нь УТТ –руу дайрч байх үед соцдекүүд нь гарт нь байсан зэвсэг До яам болох НАХЯ-руу хөндлөн довтолгоо хийсээр байгаад нийлээд хүний эрх чөлөөг зөрчүүлээгүй биздээ.
Ингэж чадсан бид дахиад НАХЯ-аас ч доор До яам дахин байгуулах гэж эмблемээрээ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДРАГА ЁС гэсэн гурван гурвалжинг сонгоогүй шүүдээ.
Алдсан нөхдөө шүүх бус алдаагаа давтахгүй, харилцан ойлголцож, хэлээ амаа ойлголцож, эвийн холбоосоо бэхэлмээр байна даа найз нараа.
Намынхаа их хурлыг хуралдуулж тусгайлсан илтгэл хэлэцүүлэх цаг яг ирж байна шүү. Бэлтгэцгээе.
АН-ын гишүүн Ц.Цэрэн
Сэтгэгдэл (69)