Монголд 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер нас барсан талаар бид мэдээлсэн.
Эх сурвалжийн хэлж буйгаар Максимлян Лёонхард Клойбер нь гадны нөлөөгүй, биеийн байдал муугаас нас барсан байж магадгүй гэж байсан.
Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газар шалгаж байсан ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ.
Урт удаан хугацааны турш сураггүй, мөн Интерполоор хайж байсан иргэн гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдвол хэрэг шал өөрөөр эргэж болзошгүй юм. Харин золгүй байдлаар амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар хэрэг үүсэж шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болох магадлалтай байгааг зарим эх сурвалж хэлж байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд тэдний дотроос хамтран амьдарч байсан гэх Ё.Гантуяаг нь цагдан хориод байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)