Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Нарантуул ОУХТ, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Хайрын гар” аяныг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнэмэл хэлбэрээр амьдарч буй эмзэг бүлгийн 150 гаруй иргэдийг бүртгэлжүүлж, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулан урлагын тоглолт, эмнэлгийн анхан шатны үзлэг, оношлогоо хийв.
Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 102 төрөл мэргэжлийн 340 гаруй сул ажлын байрыг танилцуулж, ажилд орох хүсэлтэй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүллээ.
Тус арга хэмжээнд хамрагдсан иргэн Б.Оросоо ярихдаа “Бид тогтсон хаяг, оршин суугаа газар байхгүй учраас эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдаж чаддаггүй. Мөн тэр бүр үзвэр, үйлчилгээний газарт соёл, урлагын арга хэмжээ үзэх боломжгүй байдаг. Ажилд орох гэхээр насны хязгаар зааж, гадна үзэмжээс шалтгаалаад ажлын байр олдохгүй бэрхшээлээс шалтгаалж бид гуравдагч түүхий эд түүж амьдралаа залгуулдаг байсан. Харин энэ сайхан арга хэмжээнд хамрагдсанаар баталгаат ажлын байраар хангагдаж чадлаа. “Хайрын гар” аяныг санаачлан хэрэгжүүлсэн Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн алба хаагчид болон Дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагуудад маш их талархлаа. Та бүгдийн халуун сэтгэлийн дэмээр олон хүмүүс маргаашыг гэгээлгээр харах болно” гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/