Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд 22 настай таксины жолооч М бусдад хутгалуулсан байдалтай тусламж эрэн очсон байдаг. Энэ хэрэг 2015 оны 02-р сарын 6-ны өглөө 04.00-05.00 цагийн үед гарсан юм. Тухайн үед хохирогч залуу хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн, цээж хэвлийдээ хутгуулсан байдалтай байсан бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй амиа алдсан. Уг хэргийг 1990 онд төрсөн Э, 1993 онд төрсөн А нар шунахайн сэдлээр үйлдсэнээ анхны мэдүүлгээрээ хүлээгээд байсан. Тэд Улаанчулуутын хогийн цэгт хүргүүлэхдээ таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтаасан байдаг.
Одоогоор хэргийн үйлдсэн гэгдээд буй Э нь хорих ангид саатуулагдаж байгаа бол А нь гадуур байцаагдаж байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагаас шүүх байсан. Гэвч өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул хойшлуулав. Улмаар 2015 оны 12-р сарын 14-ны өдөр 09 цагаас шүүх юм байна.
Д.Дуулим