УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлээд удаагүй байхад Ардчилсан намаас МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөхгүй бол чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдсэн. Сөрөг хүчний энэ тоглолт хөнжил дотроо хөлөө жийлцэж байсан МАН-ын зодооныг улам хурцатгасан.
Тодруулбал, нисдэг бор морийг нь аваад ир гэхэд нисдэггүй бор морийг нь авчирдаг “Болдоггүй бор өвгөн”-ийн үлгэрийг МАН давтаж Ерөнхий сайд Г.Занданшатараа суудлаас нь аваад шидчихлээ. Улмаар намын дарга Н.Учрал шинэ Засгийн газрыг тэргүүлэх нөхцөл бүрдэв.
Гэвч Монгол Ардын намд ганц үнэн бий. Тэд дангаараа засгийн газраа бүрдүүлэх боломжгүй. Тиймээс аль нэг намтай эвлэж байгуулна. Сөрөг хүчин АН-тай хамтрах хамтралын талаар яриа хөөрөө ч гарч эхэлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл "Бид хамтрахгүй. Тийм юм яригдаагүй" гэж хэчнээн донгодсон ч үүнийг дангаараа шийдэх эрх түүнд байхгүй.
“Ардчилсан намын үндсэн дүрмийн 79.1.15-д хамтарсан засгийн газар байгуулах шийдвэрийг Үндэсний бодлогын хороо гаргана” хэмээн заасан.
ҮБХ-ны гишүүн болохын тулд намдаа хандив нэрээр 6 сая төгрөг, үйл ажиллагааны зардалд 2–3.5 сая төгрөг зарцуулсан ҮБХ-ны 378 гишүүн Засгийн газарт хамтарч, улс төрийн албан тушаалд очих сонирхолтой байх нь ойлгомжтой. Нүд цагаан, мөнгө улаан гэгчээр амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүй амтлах хүсэл АН-ынхан битгий хэл хэн хүнд ч төрөх нь мэдээж.
Ямартай ч О.Цогтгэрэл нүүрэн дээрээ эвлэж хамтрахгүй гэсэн ч Ардчилсан намын ҮБХ-ны 378 гишүүнийг төлөөлж дангаараа шийдвэр гаргах эрхгүй.
Т.Зузу



















































