Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “МИ-8” нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ.
"Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас 37 настай ахмад Н.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна" гэсэн мэдээлэл өгөв.
Уг асуудлаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Налайх дүүргийн 5-р хороо “Зэвсэгт Хүчний 337-р ангийн нисдэг тэрэг осолдож хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад, тус ангийн төлөвлөгөөт нийслэгийн дагуу нислэг үйлдэж байсан “МИ-8“ нисдэг тэрэг осолдож порт механик ажилтай ХУД-ийн 9-р хорооны иргэн 37 настай эрэгтэй Б нь нас барсан, зорчиж явсан 10 алба хаагч гэмтэн БХХСАХНЭ-т хүргэгдэн эмчлэгдэж байгаа. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)