“Ноёд” группын захирал асан Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны шүүх хурал өнөөдөр болно.
Эргэн сануулахад дээрх хүмүүст холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн оны долдугаар сарын 27,28-нд үргэлжилж, шүүгчид шийдвэрээ гаргасан билээ.
Ингэхдээ таван шүүгдэгчийн дөрөвт нь эрүүгийн ял шийтгэл оноосон. Тухайлбал, иргэн Г.Буяндоржид иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253.1-д зааснаар зургаан сарын баривчлах ял оноосон.
Харин иргэн С.Билэгтийн нэр төр алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт захиалагчаар оролцсон, мөн хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.3-д зааснаар 3 жил хорих ял, эдгээрийг нэгтгээд 3 жил 3 сар хорих ял оноосон. Иргэн Г.Дамдиндорж, Д.Батжаргал нарыг иргэний шүүн таслах ажиллагаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож баривчлах ял оноосон юм.
Сэтгүүлч С.Баттулгад иргэн С.Билэгтийн нэр төр алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-д зааснаар 14 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Энэхүү торгуулийн ялаас цагдан хоригдсон хоногийн тоонд дүйцүүлсэн төлбөрийг хассан. Шүүхийн шийдвэрт торгуулийн ялыг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гурван жил хүртэл хорих ялаар солих үндэслэлийг тусгаж өгсөн юм.
Тэгвэл дээрх шүүгдэгчид давж заалдсан бөгөөд оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Харин дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд хандсан байсан бөгөөд өнөөдөр шүүх хурал нь болох ажээ.