
Энэ дагуу А.Баянмөнх, Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет, Г.Бямбадорж нарын цаазын ялыг хэлэлцэх аж.
А.Баянмөнх нь 2011 оны долдугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүйтний Хонхорхойн адаг гэх газарт өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн М-ыг олон удаа хутгалж, С-ийг бууны бөгсөөр толгойн тус газар нь олон удаа цохиж санаатайгаар алсан, гэрт байсан 1 нас 9 сартай Х-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчтэй өшиглөн авдар мөргүүлэн хүнд гэмтээж алахыг завдсан гэмт хэргийг үйлджээ. Мөн хохирогчдыг алсныхаа дараа М-ын эмээл, хазаартай морь, дээл, малгай, бүс, гутал зэргийг хулгайлсан аж. Түүнчлэн мөн шөнөдөө Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Тавантолгой гэх газраас иргэн Б-ийн 18 адууг хулгайлж 8 сая 50000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Үүнээс өмнө 2011 оны зургадугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дээд буурт гэх газраас иргэн Б-ын 8 адуу, эмээл, хазаар, Ц-ийн 29 адууг тус тус хулгайлж, нийт 12 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ.
Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцож, 2011 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт иргэн Х, Б нарт ноолуур өгнө гэж дуудаж аваачин, тус бүрийн толгойд чулуугаар цохиж, шунахайн зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа, уг гэмт хэргийг үйлдэхээ хялбарчлах, нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлджээ.
Мөн тэрээр Ж.Ганибеттэй бүлэглэж хохирогч Х, Б нарын цогцсыг, “УАЗ- 31514” маркийн машин, дотор нь байсан ноолуур, бэлэн мөнгө зэргийн хамт шатааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан аж.
Ш.Адилбек нь мөн дангаараа 2011 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтоор БНХАУ руу өөрийн Е серийн паспортаар зорчоод, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Хилийн 121 дүгээр тэмдэгтийн орчмоор Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлджээ.
Г.Бямбадорж нь эмээгийнхээ амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ.
Тэдэнд оноосон цаазын ялыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэвээр баталсан учир ийнхүү нийт шүүгчдийн хуралдаанаар орж байгаа юм.
Б.Золбоо