
Аль ч өнцгөөс харсан хариулт нь ерөөсөө л ганц байх ажээ. Сонгууль угтсан улс төр л улсын төсвийг ийн хоослоод амжив бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр одоо дансандаа мөнгөтэй байгаа нь Нийгмийн даатгалын сан, орон нутгийн төсөв хоёр л байна. Гэхдээ улсын нэгдсэн төсвийг бүрдүүлэлцдэг ч Нийгмийн даатгалын сан болон орон нутгийн төсвөөс мөнгө татаж бусад зүйлийг санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Төрийн албан хаагчдынхаа цалин, тэтгэврийн хөгшдийнхөө тэтгэвэр зэргийг ирэх сараас эхлээд юугаар санхүүжүүлэх нь эргэлзээтэй байгаа энэ үед эрх баригчдад бас нэгэн шүдний өвчин байгаа нь мөнөөх л ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 670 мянгыг сонгуулийн өмнө хэрхэн олгох тухай. Засгийн газрын хэвлэлийн мэдээнээс харвал өнөөдрөөс 670 мянгынхаа 330-ыг нь олгож эхлэхээр шийдвэрлэжээ. Харин улсын төсөв нь улайчихсан байхад энэ санхүүжилт хаанаас гарав гэдэг нь хариултгүй үлдэж байна. Өмнөх 330 мянгыг өнгөрсөн сарын сүүлээр олгохдоо Засгийн газар Монголбанкнаас 182 тэрбум төгрөг зээлчихсэн гэж байгаа. Хэдийгээр Засгийн газар Төв банкнаас мөнгө зээлэх эрхтэй ч ердөө сар хүрэхгүйн хугацаанд дахин олон зуун тэрбумаар нь зээлнэ гэж юу байхав. Тэгээд ч энэ их мөнгийг хэдхэн хоногт бэлнээр нь тараасны үр дагаврыг манай эдийн засаг аль эрт амсаад эхэлчихсэн байна. Зөвхөн ам.доллараар жишээ татахад энэ даваа гаригт нэг долларын төгрөгтэй харьцах ханш нь 1280 байсан бол өчигдрийн байдлаар 1320 болон чангарчээ. Хэдхэн хоногт үндэсний мөнгөн тэмдэгтийн маань ханш ингэж сулардаг байна шүү. Долларын ханш чангарахаар манай эдийн засагт ямархан нөлөөлдгийг бид энэ он гарсны дараахан хангалттай амссан. Ноён доллар 1478 төгрөг болтлоо чангарч, үр дүнд нь нефть импортлогчид ганцхан шөнийн дотор барааныхаа үнийг 16 хувиар нэмж байлаа. Монголбанкныхан л лайгаа эдэлж (Засгийн газар огтхон ч биш шүү) интервенц хийж 5.5 сая ам.долларыг зах зээлд гаргасны хүчинд галыг жаахан намдаасан юм даг. За тэгээд шатахууны үнэ өсөхийн хэрээр гурил будаа, бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн гаардгийг мань мэт бол дэндүү сайн мэднэ дээ. Тэгвэл одоо энэ бүхэн яг давтагдаж байна. Гэхдээ бүр улсын төсвийн данс улайсан гэсэн аймшигтай үзүүлэлт дээр нь нэмэгдчихсэн. Арилжааны банкууд зээл олгохоо зогсоож, шатахууны үнэ хэзээ хэзээгүй нэмэгдэх нь гарцаагүй болчихоод байна. Энэ бүхэн нь мэдэгдвэл эрх баригчид юун сонгуульд ялах дээрээ тулчихсан байгаа учраас л улсын данс улайсныг үхэн хатан нууцалж байгаа ажээ. Ямартай ч шатахууны үнийг сонгууль дуустал буюу долдугаар сарын 1 хүртэл нэмэхгүй байх үүргийг өөрийн намын нефть импортлогчдодоо үүрэгдээд байгаа юм байна. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх нь хамаагүй гэдэг шиг үүнээс хойш бол шатахууны үнэ тэнгэрт хадна уу байна уу хамаагүй гэж үзэж байгаа бололтой юм. Бэлэн мөнгө тарааснаас эхтэй долларын ханшны өсөлт эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ийн нөлөөлөөд эхлэхээр долдугаар сарын 1 хүртэл ямартай ч ингэж аргацаагаад эхэлж. Одоо харин тэднийг нэг сая төгрөгийн үлдэгдлээ хэрхэн олгох вэ гэдэг томоос том асуултын тэмдэг сонгууль болтол сандаргаж эхэлжээ. Хэрхэн сандралдаж байгаа нь улс төрд ямар ч хамаагүй байх ёстой Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг өөрчлөх болсноос бэлхэн харагдана. Улстөрчид том бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан цорын ганц мөнгөний авдар Хөгжлийн банкийг онилжээ. Сонгуулийн өмнө бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхийн тулд Хөгжлийн банкны хөрөнгөөс хумслахаар санаархаж л дээ. Тэдний аз дутахад Хөгжлийн банкны ТУЗ-ийнхөн бүгд улстөрчид биш, зарим нь ч гэсэн эрүүлээр сэтгэдэг эдийн засагчид юм болохоор бүтээн байгуулалтад зарцуулах ёстой мөнгийг бэлэн мөнгөний амлалтад тараахгүй гээд гэдийчихэж. Үүнээс нь шалтгаалаад тус банкны ТУЗ-ийн даргыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн таамаглал дэвшүүлэхэд нэг их анализ хийгээд, мэдрэмж шаардаад байхгүй л байх. Тэгэхээр энэ мөнгийг халамжинд биш, бүтээн байгуулалтад зарцуулах ёстой гэдгийг улстөрчдийн өөдөөс хэлж чадах хүн Хөгжлийн банкинд байсанд баяр хүргэх хэрэгтэй. Харин эрх баригчдын хувьд яг одоо бол нэг сая төгрөгийн үлдэгдлээ өгөхөөр арга сүвэгчлэх биш, улсын төсвийн улайрсан дансандаа хэдэн төгрөг яаж цуглуулах вэ гэдэг дээр л бодлого уралдуулах цаг нь юмсан, уг нь.
Үндэсний шуудан сонин 2012.06.20
С.Ононтуул