
Усны газраас хийсэн судалгаагаар гэр хороололд амьдардаг нэг хүн өдөрт 20 литр ус хэрэглэдэг бол орон сууцанд амьдардаг хүн 250 орчим литр ус хэрэглэдэг. өнөөгийн байдлаар 70 гаруй мянган өрх орон сууцанд амьдардаг бөгөөд нэг өрхийг дунджаар 4 гишүүнтэй гэж үзвэл 280 гаруй мянган хүн өдөртөө тус бүр нь 250 литр ус хэрэглэж байна.
Тун удахгүй “100 000 айлын орон сууцны хөтөлбөр” хэрэгжиж дуусанаар 400 мянган хүн усны өндөр хэрэглээ рүү орж ирнэ. Орон сууцны нэг хэрэглэгчийн хэрэглэсэн усны 40 хувь буюу 110 литр газрын гүнээс татсан цэвэр усыг бие зассан бохироо зайлуулахад ашиглаж байна. Энэ бол нэг л хэрэглээ. Цаана нь цэвэр усаар машинаа угаана, мод зүлгээ усална, эрчим хүч гаргаж авахаар ажилуулж байгаа цахилгаан станцын тогоог цэвэр усаар хөргөдөг.
Гэтэл дэлхийн бусад оронд цэвэр усыг зөвхөн унданд хэрэглэж, ахуйн хэрэглээнд дахин цэвэршүүлсэн усыг ашигладаг. Улаанбаатарчуудын ганцхан өдрийн хэрэглээг 4 тоннын цистернд савлавал Улаанбаатараас Багануур хүрэх хэмжээний урт цуваа үүснэ. Гэтэл ийм их усыг бид зүгээр л асгаад, ууршуулаад дуусгаж байна. Ус бол шавхагдах нөөц билээ. Улаанбаатарчууд өдөртөө 250 000м/куб шоо ус хэрэглэж байгаагийн 160 000 м/кубыг орон сууцны хэрэглэгчид, 40 000 м/куб усыг ДЦС ашиглаж байгаа бөгөөд энэ усны 40 хувь буюу 25000 м/куб цэвэр усаар нүүрс шатаахад гарсан үнсийг зайлуулахад ашиглаж байна.
Тэгвэл Солонгос, Япон зэрэг улс орнууд усны хэрэглээг багасгах, зарцуулалтыг үр ашигтай байлгах аргыг энгийнээр шийдсэн байдаг. Тухайлбал томоохон орон сууцны хороолол, барилга байгууламжууд өөрсдөө жижиг цэвэршүүлэх байгууламж байгуулан, үүгээр дамжуулан ахуйн хэрэгцээнд ашигласан усыг дахин төвлөрүүлэн цэвэршүүлж эргүүлж ашиглах замаар усны хэрэглээг хэд дахин багасгаж чаджээ. Би энэ туршлагыг нэвтрүүлэх болно. Би энд төрж өссөн, амьдардаг. Энэ бүх асуудал надад хамаатай билээ.