Удахгүй болох гэж байгаа сонгуульд ололттой, авууштай зүйл олон байгаа гэсэн яриаг өнгөрсөн оны сүүлчээс өдийг хүртэл сонсож байна. Тэдгээр ололттой талын нэг нь шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулиараа эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн явдал. Эмэгтэйчүүд улс төрд орж ирснээр нийгмийн тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх асуудал хариуцах эзэнтэй болно гэсэн үг. Нэг ёсондоо одоог хүртэл ажил нь зуун задгай байгаа эдгээр салбарыг хөгжүүлэх ажилд нарийн ширийнийг мэддэг, жижиг зүйлийг ч анзааралгүй орхиж чаддаггүй тийм л хүмүүс оролцож эхэлнэ. Зөвхөн нийгмийн гэлтгүй банк санхүү, улс орны эдийн засгийн асуудалд ч эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх сайн талтай билээ.

Гэхдээ сонгуулийн санал авах өдөр ойртох тусам УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшиж буй 174 эмэгтэйн чухам хэд нь, хэн нь энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай талаар эргэцүүлэх болов. Иргэдийг төлөөлж УИХ-д суух эмэгтэйчүүд мэдлэг боловсролоор хэнээс ч дутахааргүй, ажилласан туршлага нь “Би энэ салбарт олон жил ажилласан” гэж ярьдаг эрчүүдийнхээс дутахааргүй байвал зүгээр ч гэж бодох болсон юм. 
Ардчилсан нам, Ардын намынхан намын нэрсийн жагсаалтдаа чамгүй олон эмэгтэйн нэрийг оруулсан. Ардчилсан намынхан Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаад итгэл хүлээлгэн намын жагсаалтын долоодугаарт жагсаасан бол Ардын намынхан жагсаалтын аравдугаарт намынхаа нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг оруулсан юм. Дээрх хоёр эмэгтэй намынхаа эмэгтэйчүүдийг тэргүүлж жагссан гэсэн үг.
Р.Бурмаагийн хувьд удирдлагын ухааны магистр цолтой. ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас авахуулаад, Хүүхдийн төлөө төвийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан нэгэн. Шинжлэх ухаан, нийгмийн салбараас гадна анхаарлын төвд байдаг авлига, сонгуультай холбоотой асуудлаар мэргэшсэн, туршлагатай хүн гэх үү дээ. Харин Ардын намын эмэгтэйчүүдийг намын нэрсийн жагсаалтад тэргүүлж буй Д.Сарангэрэл сэтгүүлч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ салбартаа амжилт гаргасан боловч бусад салбарт ажилласан туршлагагүй. Намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байгааг нь эс тооцвол шүү дээ.
Ардчилсан намаас нэрсийн жагсаалтаар өрсөлдөж байгаа дараагийн эмэгтэй нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг. Тэрбээр Батлан хамгаалах яамны дэргэдэх стратегийн судалгааны хүрээлэнд ахлах судлаач, Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч зэрэг албан тушаал хашиж байсан. Эдийн засаг, аюулгүй байдлын бодлогын асуудлаар чамгүй туршлагатай нь түүний намтраас харагддаг. Тэгвэл Ардын намын жагсаалтын арванхоёрдугаарт бичигдсэн Ц.Гарамжав “Монполимет” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад хэдхэн сарын өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар томилогдсон. Түүнийг дэд сайдаар томилох үед “Сонгуульд нэр дэвшихийн тулд мөнгө өгч дэд сайд болсон” гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн эсэх нь тодорхойгүй ч Ардын намынхан түүнийг дэд сайдаар зүгээр ч нэг томилоогүй нь сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг зарлах үеэр тодорхой болсон юм. Түүний дараа Ардын намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа эмэгтэй нь Б.Ундармаа. Эдийн засгийн ухааны доктор цолтой ч мэргэжлээ хувийнхаа бизнест түлхүү ашигласан. Учир нь "Бишрэлт холдинг" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа Ц.Гарамжавын адил хэдхэн сарын өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар томилогдсон нэгэн юм. Гэхдээ Б.Ундармаагийн хувьд Шинжлэх ухааны дээд боловсролын улсын хороонд ажиллаж байсан юм билээ.
Ардчилсан намынхан Р.Бурмаа, М.Батчимэг нарын дараа Б.Ургамалцэцэгийг намын нэрсийн жагсаалтын арвангуравдугаарт жагсаасан. Тэрбээр УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан. Мөн АНУ-ын Пентагоны “ Хүүхэд хөгжил”-ийн төвд ахлах багш, Дэлхийн банкны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Одоо намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Түүнд бусад намаас нэр дэвшигчидтэй адил хувийн компани байхгүй. Гэхдээ олон улсын байгууллагад ажиллаж Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд чамгүй зүйл хийсэн ажээ.
УИХ-ын 2012 оны сонгуульд намын нэрсийн жагсаалтаар өрсөлдөж буй Ардчилсан нам, Ардын намын эмэгтэйчүүдийг харьцуулж үзээд иймэрхүү дүгнэлт гаргасан нь энэ. Тэгэхээр яаж ч бодсон Ардчилсан намын эмэгтэйчүүд илүү юм биш үү.
Урангэрэл