"Евро-2012" тэмцээний ялагч Испани болов

“Евро-2012” тэмцээний финалын тоглолтонд Испани Италийг 4:0 харьцаагаар ялж Европын аварга боллоо. Тоглолтын 14 дэх минутад Фабрегасын дамжуулалтаар Давид Силва Буффоны хаалганд мөргөж оруулсанаар Испаничууд тэргүүлж эхэлсэн. Дараа нь 41 дэх минутад Шавигийн дамжуулалтаар Алба тооны харьцааг 2:0 болгов. Хоёрдугаар үед Италичууд сэлгээ хийж Антониа Кассаногийн оронд Ди Натали гарч ирсэн. Дасгалжуулагч Прандели хоёр ч сэлгээг хийгээд байсан бөгөөд Кьеллини эхний үед гэмтэл авч талбайг орхисон бол гуравдахь сэлгээнд Монтоливогийн оронд Тиаго Мотто гарав. Гэвч Мотто талбайд гарсан хугацаанаас удалгүй гэмтэж талбайг орхив. Ингээд Италичууд 10 хүнтэй тоглолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй болсон. Үүнээс хойш Испаничууд төвийн шугамд бөмбөгийг илүү эзэмшиж, Италичуудын довтолгоо үндсэндээ зогсонги байдалд орсон. Испани ээлжит сэлгээгээ хийсэн ба Силвагийн оронд Педро гарч, хожим Фабрегас сууж Фернандо Торрес гарч ирсэн. Испаничууд олон аюултай довтолгоог ээлж дарааллан хийж байсан ба зөвхөн гоол орох нь цаг хугацааны асуудал болоод байлаа. Ингээд тоглолтын 84 дэх минутад Фернандо Торрес тооны харьцааг 3:0 болгож ялалтаа улам баталгаажуулав. Иниестагийн оронд талбайд гарсан Хуан Мата ердөө нэг минутын дараа Торресийн дамжуулалтаар Буффоны хаалганд дөрөвдэх гоолыг оруулав. Ингэснээр Испаничууд Европын аваргын түүхэнд финалд хамгийн олон гоолоор ялалт байгуулсан баг болов.
Д.Ундрах 24tsag.mn