Баянгол дүүргийн Онцгой Комисс (ДОК) өнөөдөр (2025.07.09) хуралдлаа. Хурлыг ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд:
- Дүүргийн хэмжээнд Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтын явц,
- Болзошгүй гамшиг, ослын үед ДОК-ын гишүүд, дүүргийн гамшгаас хамгаалах алба ямар төлөвлөгөө, хуваарийн дагуу ажиллах,
- Мөн Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цаг үеийн мэдээлэл сонслоо.
15150 ХҮҮХДИЙГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА
Өнгөрсөн 6-р сарын 24-ний өдөр болсон ДОК-ын хурлаар ЭМТ-өөс дүүргийн хэмжээнд 0-15 насны нийт 88132 хүүхэд байгаагаас 74612 буюу 84.6 хувь нь улаанбурханы эсрэг дархлаажуулалт хамрагдсан. ХӨСҮТ-ийн мэдээллээр Баянгол дүүрэг нийт 23,968 хүүхдийг улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулах бөгөөд 7-сарын 10 гэхэд нөхөн дархлаажуулалтыг 95 хувьд хүргэх ёстой гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу ДОК-оос шуурхай арга хэмжээ авч, ЭМТ, сургууль, цэцэрлэгүүд болн 1-34 хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдсан. Энэ үеэр дүүргийн хэмжээнд нөхөн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээллүүд өгч, холбогдох үүрэг даалгаврыг өгөн улмаар шаардлагатай зардлыг гаргаж ажилласан. Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн мэдээллийг дахин нягталж улмаар харьяалалтай болон түр оршин сууж байгаа нийт 15150 хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр 87,4 хувь хүрсэн гэсэн мэдээллийг өглөө. Мөн баяр наадмын өдрүүдэд нөхөн дархлаажуулалт хийх бөгөөд иргэд, оршин суугчид 11361302 утсанд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэсэн юм.
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА
Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баяр наадам болон амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь, үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ямар яаж ажиллах талаар төлөвлөгөө танилцууллаа. Онцгой байдлын хэлтэс нь Нийслэлийн шуурхай штабтай хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүрэгт, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй 1767, зөвшөөрөлгүй 407 нийт 2174 нэгж талбарт 1,917 айл өрх байна. Үүнээс Баянгол дүүрэгт 10, 23 дугаар хороонд нийт 23 айл байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд нийт 152,9 км урттай засмал замтай бөгөөд ус тогтдог 10 байршил байна гэсэн мэдээллийг өглөө. Мөн гамшгийн үед дайчлагдах хүнд машин механизмын судалгаа, болзошгүй үед ашиглах алба мэргэжлийн ангийн хүн, хүч хэрэгслийн судалгаа, үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний бүтэц зэргийг танилцууллаа.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 42 ХУВЬТАЙ БАЙНА
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн менежер Ж.Баатар мэдээлэл өгсөн. Ингэхдээ Нийслэл, дүүргийн Засаг даргын Захирамжийн хүрээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 42 хувьтай байна. Тухайлбал,
- Нийслэл, дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд 21 хорооны 31 нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварлах 2 багц ажил батлагдсан. Энэ ажлын явц 65 хувьтай байна.
- Нийслэл, дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд 8 хорооны 14 байрны фасад дулаалгын ажил хийгдэхээр 5 багц ажил батлагдсан. Ажлын явц 50 хувьтай байна.
- "Дулаалга аян"-ы хүрээнд дүүргийн 11, 23-р хорооны 862 өрхийг гэр байшинг дулаалахаар ажиллаж байна.
- Инженер шугам сүлжээний ажлын хүрээнд хийгдэж байгаа засюарын ажлууд 30-40 хувьтай байна.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 782 ширхэг гэрэлтүүлэгч шинээр сольж засварласан.
- Боловсролын салбарт хийгдэж байгаа өвөлжилтийн бэлтгэл ажи 70 хувийн хэрэгжилттэй байна.
- Дүүргийн 34 хороо болон аж ахуй нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 50 хувийн хэрэгжилттэй байна гэсэн мэдээллийг өглөө.
ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар Үндэсний их баяр наадмын дараа амралтын өдрүүд олон хоног үргэлжлэх тул ДОК-ын бүх гишүүд бэлэн байдлын зэрэгт ажиллахыг үүрэг болголоо. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
-
Хороодын Засаг дарга нар хороондоо Шуурхай штаб байгуулж хариуцлагатай жижүүр томилон ажиллах,
-
СӨХ-дод болзошгүй үер усны үед хэрхэн ажиллах талаар зөвлөмж, мэдээллүүд өгөх,
-
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах,
-
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хур хогийг цэвэрлэх, ариутгал, халдваргүйтгэл хийх,
-
Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг дахин нарийвчлан гаргаж танилцуулахыг үүрэг болголоо.