Цагаан сар болохтой холбогдуулан Улаанбаатар хотод зорчих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Энэ нь хууль бусаар мөнгөжиж сонирхолтой этгээдүүдэд дээрэм, хулгайн гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Тэгвэл сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг ялангуяа дээрмийн хэрэг ихээр гарах болсон байна. Он гарснаас хойш Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт байрлах “Наран цэн” ломбарданд буутай этгээдүүд халдаж эзэнд нь буу тулган сүрдүүлж 800 мянган төгрөг дээрэмджээ. Мөн орон байранд удаа дараа нэвтэрч эд зүйл дээрэмдсэн А нарын бүлэг этгээдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид илрүүлэн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.