
Анх 2007 онд “Хадгаламж” банкыг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Харин энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэгч хувьцаа ашиглан завшсан гэдэг. Ц.Чимэдцэрэн нь МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг байсан юм. Түүний цувчуулсан 14 тэрбумын хэрэгт тухайн үед У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг ч холбогдуулан шалгаж байсан. Тэднийг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ гэж сүр дуулинтай үйл явдал өрнөж байв. Тухайн үед Мэргэжлийн хяналтын сайд байсан У.Хүрэлсүхийг “Хадгаламж” банкны мөнгөөр фургон машин авч хувьдаа завшсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь шуугиан тарьж байлаа. Гэсэн ч тэдний буруутайг нотлоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Энэ эрхмүүд 14 тэрбумын хэргээс хойш өөдөлсөн үү гэхээс уруудаагүй. У.Хүрэлсүх МАН-ын эрх мэдэлтэй генсек байж үзлээ. Г.Занданшатар ч түүний орыг залгалаа. Харин Т.Бадамжунай намынхаа сан хөмрөг хариуцсан нарийн бичгийн дарга боллоо. Сан хөмрөг хариуцна гэдэг намын мөнгөн дээр эзэн сууна гэсэн үг. Ингэж нэг хэрэгт нэр нь холбогддог эрхмүүд МАН-ын толгойд гарсанд АН-ынхан бараг л олзуурхаж байгаа гэж эх сурвалжууд хэлж байна. Учир нь энэ хэргийг сөхөөд эхэлвэл нэг сумаар хоёр биш гурван туулай онох бололцоотой гэж тэд ярилцжээ. МАН-ынхан хүчтэй сөрөг хүчин байна гээд эхнээсээ чуулганыг гацааж, АН-аас өр нэхэж байна. Тиймээс Ардчилсан намынхан ч бас эргүүлээд шантаажлах зүйлээ ийнхүү бэлдэж эхэлжээ.
Т.Гэрэл