
Япончууд нефть боловсруулах үйлвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

"Дархан газрын тос" төрийн өмчит нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсонтой холбоотойгоор Япон улсаас тавьсан хөрөнгө оруулах саналыг Монголын Засгийн газар хүлээн авсан талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл ингэхдээ хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргахаар болжээ. Мөн Япон улсаас тодорхой хэмжээний хөрөнгийг оруулахаас гадна үйлдвэрт хэрэгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэх, 2016 он гэхэд ашиглалтад оруулах санал тавьсан байна. Дархан-Уул аймагт барих уг газрын тос боловсруулах үйлдвэр нь жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай аж.
Монгол Улсын бензин шатахуун хадгалах нийт савны багтаамж 360 мянган шоо метр байдаг. Харин шинэ барих үйлдвэрийн түүхий тосны нөөц, бэлэн бүтээгдэхүүнээ хадгалах сав 600 мянган шоо метр багтаамжтай байхаар төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn