Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


САНАА ДОГШРОН ДЭЭРМИЙГ АЛАВ

САМАДИ ТӨӨРӨГДӨН БИЧИНИЙГ ҮЛДЭВ

 

Шүлгийн үг:

 

                        Амарлингуй авсу гэм төрөгдөн.

                        Алжаас үгүйг ариун хэмээмүй.

                        Сэтгэл санааг барьж дураар битгий завхайруул,

                        Уур омгийг хичээж дэмий битгий догшруул.

                        Зургаан хулгайг арилган гурван хөлгийг ухваас,

                        Түмэн ерөөл төгсөж аяндаа тодормуй.

                        Өнгө гажууг үүрд тэвчин үнэхээр туулбаас,

                        Урам төгс баясгалантын жаргалыг өөрөө эдэлмүй.

 

Өгүүлэх нь Тансаг шүд зуун хатуужиж эвдэршгүй биеийг олохын төлөө үхэн чармайв. Бичин та хилэнцэт хорхойн шулмыг алаад Пипа агуйгаас багшаа авран гаргаснаас нааш төдөлгүй явсаар бас зуны дунд сар болов. Үзвээс:

 

Урьхан салхи сэвэлзэн цахирмаагийн үнэрийг хүргэж, өгөөмөр хур шимдэж шинэ хулсаныг ундаалмуй. Суйх[1] агь сангийн үнэрээр анхилан, соргог цэцэг өнгө ялгаран дэлгэрмүй. Улаан анарын дээр доорх зөгий цуглан удан шугуйн дотор шар болжмор жиргэмүй. Аян замд амусу будаа багсарч чадахгүй болбоос, ариун мөрний луугийн онгоцноо Цьюй Юаны сүнснийг даймуй.

 

Багш шавь дөрвүүлээ зуны дунд сарын үзэмжийг бахран яван атал, өмнө нь нэгэн их уул эчих замыг халхлахыг Тансаг үзээд морийг татаж хойш харан өгүүлрүүн: “Бичин, өмнө өндөр уул буй, бас ямар буг шулам байх болуузай, сайн хичээгтүн.” Бичинтэн өгүүлрүүн: “Багш сэтгэлээ агуу тавь, бид амь цөлөн үнэнчээр зүтгэхэд шулмаас юунд аймуй!”  Тансаг үүнийг сонсоод их л баясан ташуур өргөн жолоо дугтран луугийн хөлгийг шавдав. Удалгүй уулан дээр гарч нүд өргөн үзвээс, үнэхээр:

 

Ноён оргилын нарс майлс үүлнээ шургаж, номин цавчаалын бут сөөг саравчлан ургажээ. Өндөр асга сэгийлцэн, өнгийм хад сүндэрлэжээ. Хөх хигтэр ногоон хөвд дэвсгэрлэн цэлгэрч, хөгшин хуш хонгорогт мод дээвэрлэн сэгийжээ. Ойн гүнд шувууд донгодон, уран эгшиг уянгат дуу үнэхээр сонсолтой. Булгийн усан мөнгөн могой мурилзах мэт, будрах цэцэг шижир эрвээхий нисэх адил. Уул бартаа хэцүү, урагш явах бэрх. Буга хандгай хос хосоор гүйлдэн бич сармагчин хоёр хоёроор явмуй. Арслан аглаг ойд хүрхэрч, арш тогоруу агаарын мандалд донгодмуй. Үл дарагч тоор гүйлс боловсроод үл таних цэцэг навч мяралзжээ.

 

Багш шавь дөрвүүл алгуур явсаар уулыг гарч нэгэн тал газарт хүрэв. Гахай дамжуураа Шороод өгөөд малтуураа дийлэн сүр бадруулан багшийн морийг шавдан бархиран зандваас тэр морь түүнээс огт айхгүй ямагт алгуур явмуй. Бичин өгүүлрүүн: “Дүү, чи түүнийг шавдаж юугаа хиймүй, алгуураар явтугай.” Гахай өгүүлрүүн: “Тэнгэр орой болов, ууланд орсноос нааш нэгэн өдөр юу олж, идсэнээр үгүй гэдэс өлсөв, түргэн явж нэгэн айл олоод цав бадарласугай.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос би шавдсугай” хэмээгээд шийдэм өргөн нэгэнтээ зандсанд, тэр морь амгай зуун хөнтөрч түвшин замд орж нисэх мэт түргэн давхив. Тэр морь Гахайгаас айхгүй, ганц Бичинээс айх нь юун хэмээвээс, Бичин хэмээгч таван зуун жилийн өмнө хурмастын хишгийг хүртэж, тэнгэрийн моридыг тэжээгч “Агтан даамал” байсан бөлгөө, тийнхүү морь нь Бичинээс айх хэмээн өдгөө болтол уламжлагджээ. Тансаг морины жолоог татаж дийлэхгүй эмээлийн бүүргээ давирж зоригоор тавин хориод газар явсан хойно тэр морь сая алгуур явав.

 

Хараахан яван атал гэнэт харангийн дуун гарч замын хажуугаас илд шийдэм барьсан гуч дөчин хүн гарч ирэн зам хүн гарч ирэн зам хөндөлсөж: “Тойн! Хаана одмуй!” хэмээхэд, Тансаг сонсоод чичрэн дагжиж мориноосоо тонгорцоглон унаад, зүлгэн дээр сөгдөн: “Их ван, амийг минь уучил! Их ван амийг минь уучил!” хэмээсэнд, тэргүүлсэн хоёр сайн эр нь өгүүлрүүн: “Чамайг занчихгүй, чи юмаа гаргаж өг” хэмээсэнд, Тансаг сая тэдний дээрмийг мэдээд дээш харж үзвээс:

 

Нэгэн нь хөх царайгаа хөнтийлгөн, хурц соёогоо ярзайлгаж, хүлцэн чөтгөрөөс сүрхий төржээ. Нэгэн нь гархин хоёр нүдээ дүгрэглэн, гал улаан үс сахлаа босгож арзаг мангасаас айхавтар мэндэлжээ. Хоёул цөм барс цоохор малгай өмсөж байлдааны булган хормойвч бүслэн, Араат шийдэм аюулын бялуу барьжээ. Ажиглаж лавлан үзэхлээр аглаг уулны барс Анавад далайн луу мэт.

 

Тансаг тэдний энэ мэт догшиныг үзээд, аргагүй урагш ирж алгаа хамтатган өгүүлрүүн: “Их ван, би хэмээгч зүүн Тан улсын баруун газраас ном залагч тойн бөлгөө, Чан Ан хотноос гарч ирээд маш удсан тул хүнсээ цөм зарж баржээ. Тойн хүн бадар ирэхийг эрхэм болгох тул хаанаас эд мөнгө байх аж! Их ван уучилж намайг өнгөрүүлэх ажааму!”  Тэр хоёр дээрмийн тэргүүн олноо даалган урагш давшин өгүүлрүүн: “Бид их зоригоор зам тосч эд олсугай хэмээмүй, бас юуны уучлах ёс буй? Чамд эд мөнгөгүй болбоос дээл морио үлдээж од!”  Тансаг өгүүлрүүн: “Авид бурхан! Ядуу тойн миний энэ мянган өрхнөөс бадарлан одсон зуун нөхөөст дээлийг авбаас намайг алнам биш үү? Энэ төрөлд чи сайн эр болоод эргэх төрөлд адгуусан болох болуузай!”  Тэр дээрмүүд энэ үгийг сонсоод их л хилэгнэн шийдмээр толгой тэргүүнгүй цохилоход, Тансаг дуун эс гарсан боловч дотроо ийн сэтгэрүүн: “Аяа! Та шийдмээ хэцүү хэмээн гайхуулмуй, харин миний шавийн шийдмийн хэцүүг юу мэдэх аж.” Тэдгээр дээрэм ялган хэлэлцэхгүй шийдэм далайн толгой тэргүүнгүй дэмий цохилоход, тэр багш нэгэн насанд худал хэлж чадахгүй боловч энэ мэт хүнд зовлонд тохиолдсон тулд аргагүйдээ худлаар өгүүлрүүн: “Их ван, элдэхийг түр зогс миний шавь нар хойноос ирмүй, тэдэнд хэдэн лан мөнгө буй, танд өгсүгэй.” Тэр дээрэм өгүүлрүүн: “Энэ тойн харин элдэхээс аймуй, тойн болбоос урьдаар хүлж тавь” хэмээгээд олноор гар хөдлөн Тансагийг хүлж модон дээрээс түүчээлэв.

 

Жич өгүүлэх нь: Хойноос хэргийн эзэн тэд гурвуул хүрч ирээд, Гахай нь хадганан инээн өгүүлрүүн: “Багш үнэхээр хурдан эчжээ, өдгөө хаана хүрээд биднийг хүлээж байх болов” хэмээгээд яван атал, гэнэт Тансагийг модонд дүүжилж байхыг Гахай үзээд бас: “Манай багшийг үз, амархан сууж хүлээвээс барав, бас юуны дүүжин наадмуй!” Бичин өгүүлрүүн: “Манхуу, дэмий бүү чалч, багш тэнд дүүжлэгдэж байнам биш үү? Та нар алгуур яв, би одож үзсүгэй” хэмээгээд өндөр дээр гаран үзвээс нэгэн бүлэг дээрэм байхыг таниад дотроо баясан: “Хишиг! хишиг! Худалдаа үүдэнд ирэв!” хэмээгээд бие сэжин нэгэн арван тав зургаан насны цэвэр хээнцэр бяцхан тойн хувилаад баруун дээл өмсөж, хөх бөс боодол үүрэн урагш ирж дуудан өгүүлрүүн: “Багш, энэ чинь юу буй? Эд ямар муу улс буй?” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь хурдан миний амийг гаргахгүй, бас дэмий асуух нь юун?” Бичин өгүүлрүүн: “Эд цөм ямар улс буй?” Тансаг өгүүлрүүн: “Энэ нэг бүлэг тоногчин миний эчих замыг тосч надаас эд ац хэмээмүй, бид эдгүйн тул намайг ийнхүү дүүжлэв, чи аргацааж үз, эсвээс энэ морийг тэдэнд өгсүгэй.” Бичин инээн өгүүлрүүн: “Манай багш даанч үхээнц, дэлхий дахины тойн хэдий олон боловч чиний адил ийм зөөлөн тойн үгүй. Тан хаан чамайг баруунш одож бурханд бараадтугай хэмээснээс бус чамайг луугийн морийг хүнд тал өг хэмээсэн буюу?” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь эд намайг дүүжлээд эд ац хэмээн занчихыг хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш тэдэнд юу хэмээн өгүүлэв?” Тансаг өгүүлрүүн: “Би элдэхүйгээс айгаад чамд эд буй хэмээсэн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Багш үнэхээр олиггүй, чамайг элдэхэд чи намайг урдаа барьсан учир юун?” Тансаг өгүүлрүүн: “Би чамд хүнсэн мөнгө буй хэмээн өчсөн нь элдэхээс хэлтрэх нэгэн цагийн  гачигдсан үг болой.” Бичин өгүүлрүүн: “Сайн! сайн! сайн! Багшийн батлан өргөсөн хишигт хүртэв, ийнхүү эргэх нь зүй, хэрвээр сар болгон ийнхүү дал наяад өргөвөөс өвгөн Сүн надад арилжаа улам олдмуй.”

 

Тэдгээр дээрмүүд Бичиний энд багш лугаагаа хэлэлцэхийг үзээд бүгдээр томоолон ирж өгүүлрүүн: “Бага тойн чамд хүнсэн мөнгө буй хэмээн чиний багш өгүүлсэн болой, эртхэн гаргаж өг, амийг чинь хэлтрүүлсүгэй! Хэрвээр “Үгүй” хэмээх үг шидэн завсраар гарваас таныг цөм алмуй!” Бичин боодлоо тавьж өгүүлрүүн: “Ноён та, бүү дэмий цуугилд, энэ боодолд хүнсэн мөнгө буй, арвин үгүй, үлсэн нь хориод алтан өлгий гучаад мөнгөн өлгий буй, зайр мөнгийг тоолсноор үгүй, авъя хэмээвээс боодолтойгоор цөм авчиртугай, миний багшийг бүү элдэгтүн, эртний бичигт өгүүлсэн нь “Эрдэм хэмээгч үндсэн, эд хэмээгч адаг” хэмээжээ. Энэ хэрэг болбоос адагт ормуй. Тойн болсон хүнд хаанаас гуйвч олдох буй за. Хэрвээр нэгэн буянцар өглөгийн эзэн тохиолдвоос өргөц зоос, өмсөх хувцас үл олдох буюу? Ганц хайрлаваас миний багшийг тавь, би чамд цөм өгсүгэй.” Олон дээрэм маш баясалдан өгүүлрүүн: “Энэ хөгшин тойн өнгөрүү харамч, энэ залуу тойн харин их өгөөмөр” хэмээгээд Тансагийг тайлж тавив. Тансаг амь гармагц морио унаж эргэж харалгүй ирсэн замаар хойш дутаав.

 

            Бичин үзээд багшийн хойноос “Буруу одов” хэмээн хашхиран боодлоо авч нэхэн одоход, тэр дээрмүүд хориглон өгүүлрүүн: “Чи хаа одмуй? Эдээ үлдээ, элдэхээс хэлтрүүлсүгэй!” Бичин инээн өгүүлрүүн: “Хүнсний мөнгийг мөн гурван тийш хувааваас зохимуй.” Тэр дээрмийн түрүү өгүүлрүүн: “Энэ хүүхэд үнэхээр зальтай, харин багшаасаа нууж баахан үлдээж авсугай хэмээмүй. Болтугай, гаргаж авчир, хэрвээр нэлээд байх болбол чамд бас баахан өгсүгэй, чи багшаасаа далдуур жимс худалдан авч идэгтүн.” Бичин өгүүлрүүн: “Ах нар минь, тийм үг бус, надад ямар эд байх буй? Танд алт мөнгө буй болбоос надад хувааж өг.” Тэдгээр дээрэм их л хилэгнэн: “Энэ муу үхлээ ирсэн тойн чи, бидэнд өгөхгүй бөгөөд харин биднээс ац хэмээмүй! Шийдэм үз!” хэмээгээд бялуугаар Бичиний хилэн толгойг долоо наймантаа занчваас Бичин үл мэдэгч болон инээж өгүүлрүүн: “Ах минь чиний энэ мэт цохих болбоос хойд жил болтол цохивч мөн гаргүй.” Тэр дээрмүүд их л цочин өгүүлрүүн: “Энэ тойны толгой юунд ийм хатуу аж” Бичин инээн өгүүлрүүн: “Дэмий, дэмий, даанч хэтэрхий магтжээ, мөнхүү аргалж үзэж болмуй.” Тэдгээр дээрмүүд юуг ялган хэлэлцэх аж, бүлэглэн ирж дэмий л цохилоход Бичин: “Та нар түр байз, би гаргаж үзүүлсүгэй” хэмээв.

 

            Бичин чихнээсээ нэгэн зүү гаргаж өгүүлрүүн: “Тойн надад юм үгүй, ганц нэгэн зүү байнам, таньд хүргэсүгэй.” Дээрмүүд өгүүлрүүн: “Өөдгүй болой, бид баян тойныг алдаад бадарч тоймгийг олов! Чи үйл оёж чадах буй за, бид тэр зүүгээр юу хиймүй?” Бичин авахгүй хэмээхийг сонсоод гарт барин аяган төдий бүдүүн шийдэм болгов. Тэдгээр дээрмүүд айж өгүүлрүүн: “Энэ тойн хэдий одой боловч харин увидас гаргаж чадах ажгуу.” Бичин шийдмээ газарт хатган тавьж “Та нар дагах болбоос танд өгсүгэй.” Хоёр дээрэм урагш ирж өргөвөөс өчүүхэн ч хөдөлгөж эс чадав. Энэ алтан толтот чандмань бэрээ хэмээгч  тэнгэрийн жинлүүрээр түм гурван мянга таван зуун жин баймуй, үүнийг тэр дээрмүүд яахан олж мэдэх аж. Бичин урагш давшин гарын араар хэвхэн шүүрэн авч дээрмүүдийг зааж: “Таны заяа муу тул энэ өдөр надад учрав!” хэмээхэд дээрмүүд урагш давшин бас тавь жарантаа занчсанд Бичин инээн өгүүлрүүн: “Та нар цохьсоор гар чинь чилэв. Өвгөн Сүн би нэг цохьсугай” хэмээгээд шийдмээ нэгэнтээ сэжсэнд суулгын чинээ бүдүүн долоо найман хос алт орд болоод ташуулан цохьсонд нэгэн дээрэм дайрагдан хэл тас үхжээ, нэгэн нь үзээд хараан өгүүлрүүн: “Энэ муу тоймог ёсгүй буюу! Мөнгийг өгөхгүй бөгөөд миний хүнийг алжээ!” Бичин инээн өгүүлрүүн: “Бүү цуугилд, бүү цуугилд! Би нэг нэгээр занчиж үндсийг чинь тасалсугай!” хэмээгээд бас нэгэнтээ цохьсонд мөн нэгэн түрүүг нь алав, тэндээс олон дээрмүүд ихэд айж зэр зэвсгээ орхилцон зүг бүрт дутаав.

 

            Өгүүлэх нь, Тансаг зүүнш довтлон одоход, Гахай Шороотон учраад хориглон өгүүлрүүн: “Багш хааш одмуй? Зам эндүүрсэн болой.” Тансаг сая морио татаж өгүүлрүүн: “Шавь та түргэн очиж тэр дээрмүүдийг бүү ал хэмээн номын ахдаа өгүүл.” Гахай өгүүлрүүн: “Багш байз, би одсугай” хэмээгээд манхуу гүйсээр өндөр дуугаар: “Ах, багш чамайг хүн бүү ал хэмээмүй” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Би хэзээ хүн алсан буй?” Гахай өгүүлрүүн: “Тэр дээрмүүд хаа одов?” Бичин өгүүлрүүн: “Хоёр түрүүгээ энд унтуулаад бус нь цөм тархан оджээ.” Гахай инээн өгүүлрүүн: “Хижиг дайрсан энэ хоёр лав унтсангүй зүдсэн буй за, юунд энд ирж унтмуй!” хэмээгээд, дэргэд нь ирж үзээд өгүүлрүүн: “Эд харин над лугаа адил мөн амаа ангайж шүлсээн гоожуулан унтмуй.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний нэгэн шийдэмд идээ нь гарчээ.” Гахай өгүүлрүүн: “Хүний толгойд бас идээ буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Тархи нь гарч орхив.”

 

            Гахай сонсмогц яаран хойш гүйж ирээд багшдаа: “Далайжээ!” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Сайн! Сайн! Цөм хааш одов?” Гахай өгүүлрүүн: “Цөм үхсэн атал бас хааш одож чадмуй!”  Тансаг өгүүлрүүн: “Чи юунд далайв хэмээн өгүүлмүй?” Гахай өгүүлрүүн: “Үхсэн тул үл далайх ёсон буюу?” Тансаг асууруун: “Цохьсон нь хэцүү буюу?” Гахай өгүүлрүүн: “Толгой нь цоорчээ.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос гоёо худалдан авч нааваас сайн бөлгөө.” Гахай инээн өгүүлрүүн: “Багш даанч дүүхээгүй, гоёог амьд хүний яр шарханд наах буй за, үхсэн хүнд ямар хэрэг буй?” Тансаг: “Үнэхээр цохиж алсан буюу?” хэмээгээд маш хилэгнэн элдэв муугаар хараасаар морийг эргүүлэн Гахай Шороог дагуулан уулын доор хүрч ирвээс цус нөж болсон хэдэн үхдэл хэвтэх ажээ.

 

            Тэр багш маш төвдөхгүй болж “Гахай чи нүх малтаж үүнийг булагтун, би ерөөл уншсугай” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Багш ташаарав, алсан хүн нь Бичин болох буй за, юунд би болох буй?” Багшдаа харагдаад урамгүй байсан Бичин хилэгнэн Гахайд өгүүлрүүн: “Энэ манхуу түргэн одож бул! Эс одвоос би занчмуй!” Гахай айгаад уулын хажууд гурван тохой гүн нүх малтаж доор нь цөм чулуу болоод малтуур ухахгүй болсонд хоншоороороо сэртийлгээд удсангүй таван тохой гүн нүх ухаж дээрмийн хүүрийг булж нэгэн онгон босгов. Тансаг өгүүлрүүн: “Бичин чи хүж зул авчир, би ерөөл уншсугай” хэмээсэнд Бичин уруул унжийлган өгүүлрүүн: “Үнэхээр дүүхээгүй! Энэ айл тосгон үгүй аглаг ууланд хаанаас хүж зул олж авчирмуй? Зоосоо бариад мөн худалдан авах газар үгүй.” Тансаг тэсгэлгүй занан: “Сармагчин цаашаа бай! Би Шороо овоолон өвс хатгаж залбирсугай” хэмээв. Энэ нь даруй багш Тансаг морины өмнө үхээрт гашуудаж, богд тойн буяны сэтгэлээр онгоныг тайв хэмээгч болой. Тайлгын үг нь:

 

“Сүлэглэн тайхыг сайн эрс та сонс: шашны шавь би болбоос замбутивийн зүүн Тан улсын хүн бөлгөө. Миний эзэн Тайзун хааны зарлигаар баруун газар ном залан одмуй. Сая энд ирээд та олонд учрав. Орон нутаг овог нэрийг чинь мэдэхгүй, уулгалан дээрэмлэхээр хөрөнгө болгон энэ уулын гүнд хоршоолжээ. Та нарыг сайн үгээр ятгаваас та нар харин хилэгнээд Бичиний шийдмийн доор бие сөнөв. Хүүр яс чинь хээр талд орхигдохуйяа сэтгэл нь төвдөн, бумба босгож далд оршуулав. Хөх өвсийг өгдөөж хүж болгон асаахуйяа, хөвөлзөх утаанд сайхан үнэр анхилахгүй ч, хөөрхийсөн сэтгэл минь эл байнам; үлэг чулууг түүж өмнө чинь тахихуйяа, үлэмж ам үгүй боловч, үнэн сүсэг минь ил байнам. Та нар Шинра харшид одож эрлэг хаанд заалдах болбоос түүний овог Сүн миний овог Чэн тус тусын ялгаа буй. Өшөөд хүн буй, өрд эзэн буй, намайг бүү заалд.”

 

            Хажуугаас Гахай инээн өгүүлрүүн: “Багш биеэ ариутгав. Бичин хүн алахад шороо бид хоёр дэргэд ч үгүй болой.” Тансаг үнэхээр бас залбиран өгүүлрүүн: “Сайн эрс заалдах болбоос Бичинийг заалд, Гахай Шороо нарт хамаагүй.” Бичин үүнийг сонсоод инээн өгүүлрүүн: “Багш чи журамгүй, чиний ном залахын учир би зовон эл зүтгэмүй, өдгөө энэ хоёр муу дээрмийг алсанд, чи харин түүнийг өвгөн Сүн над лугаа заалдах хэмээмүй, би хэдий алсан боловч цөм чиний тул буй за. Чи ном залахгүй болбоос би чиний шавь болох буюу? Энд ирж хүн алах буюу? Би бас нэг залбирсугай” хэмээгээд шийдэм өргөн овоолсон бумбыг гэнэт занчиж өгүүлрүүн: “Үхэл дайрсан дээрэм нар өгүүлэхийг та сонс! Та нар намайг урьдаар арав, дараагаар дал занчсанд, би өвдсөн ч үгүй загатнасан ч үгүй, харин гэдэг хүрч таныг цохиж алав. Чи зоригоороо одож заалд, өвгөн Сүн би үнэхээр айхгүй. Хан хурмаст танимуй, дөрвөн Махаранз намайг даамуй; харин найман од, есөн гараг цөм надаас аймуй. Савдаг навдаг эзэд сахиулсан надад сөгдөж золгомуй. Асар тэнгэрс надаас эмээмүй, эрмэг хаад намайг эмсэглэмүй. Нэн тэр таван орны догшид миний доор үе болмуй. Гурван ертөнц таван орон арван зүгийн эзлэгч цөм над лугаа найртай, чи хаанаас болов одож заалд!”  Тансаг түүний энэ мэт муу үг гарахыг үзээд цочин өгүүлрүүн: “Aяа шавь, миний тэр наманчилсан үг болбоос чамайг алж нядлахаа байэ ариун буянт хүн болтугай хэмээсэн санаа болой; чи юунд үнэн хэрэг болгон санамуй?” Бичин өгүүлрүүн: “Багш, энд наадам хийх газар бус, түргэн хоног  эрэхээр одсугай.” Тэр багш дотроо тачаадсаар моринд мордов.

 

            Тэндээс Бичин сэтгэлд тааламжгүй, Гахай Шороотон атаархах сэтгэл өвөрлөн багш шавь дөрвүүл хэдий нүүр дээрээ мэдэгдэхгүй боловч дотроо цөм аягүй, их замаар баруунш явсаар төдөлгүй нэгэн айл үзэгдсэнд, Тансаг ташуураар зааж: “Бид тэр айлд одож хоног гуйсугай.” хэмээсэнд Гахай: “Мөн” хэмээгээд айлын үүдэнд хүрч мориноос буун үзвээс харин ч маш сайхан гэр хүрээ ажгуу:

 

Өнгийн цэцэг зам дүүрч, өндөр мод үүдийг халхалжээ. Тэртээ эрэгт горхины ус урсаж тэгш талд буудайн чих хөхөрчээ. Үет цагаанд шүүдэр шимдэж хөгшин цахлай хоноглон, уд улиаснаа салхи сэвэлзэн алжаасан болжмор суумуй. Хөхөмдөг майлс нарснаа цацуулан ногоон өнгө тэмцэж, улаан хамхуул шимэлдэгт зэрэгцэн арцын үнэрийг мөрийцмүй. Айлын нохой хуцаж, оройн тахиа дуугаран, үхэр хонь идээшлэн цадаж, үхэрчин хөвгүүн эгмүй. Утаа тунаран шүүдэр царцаж шар амуу шалзраад, уул тосгоноо хүүхэд бүүвэйлэн үдэш болсон цаг аа.

 

            Төдийд Тансаг урьд хаалганд нь хүрсэнд дотроос нэгэн өвгөн гарч ирэн асууруун: “Тойн хаанаас ирэв?” Тансаг өчрүүн: “Би Тан улсын хааны зарлигаар баруун газар ном залахаар одох тойн бөлгөө, тэнгэр орой болсон тул эрхмийн өргөөнөө хоног гуйхаар ирэв.” Өвгөн инээн өгүүлрүүн: “Иргэний нутаг эндээс хол болой, яахан ганц биеэр уул усыг туулан хүрч ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Бадарчин тойн надад бас гурван шавь буй.” Өвгөн: “Иргэний шавь нар хаана буй?” хэмээсэнд, Тансаг хуруугаар зааж өгүүлрүүн: “Тэр их замын хажууд зогсож байх нь даруй мөн болой.” Тэр өвгөн тэргүүн өргөн үзвээс зүс царай нь сүрхий тул яаран хойш дутаан ороход Тансаг татан барин өгүүлрүүн: “Өглөгийн эзэн өршөөвөөс нэгэн шөнө хонуулах ажааму!” Тэр өвгөн чичрэн дагжиж удтал мээрэн, толгойгоо сэжин өгүүлрүүн: “Хүн бус хэдэн шулам байнам!”  Тансаг инээн өгүүлрүүн: “Өглөгийн эзэн бүү айгтун, миний шавь нарын зүс нь муухай боловч шулам бус.” Тэр өвгөн: “Өвөг минь, нэгэн нь ягчис, нэгэн нь морин толгойт, нэгэн нь аянгын эрхтэн” хэмээхийг Бичин сонсоод их дуугаар зандан өгүүлрүүн: “Аянгын эрхтэн надад ач болмуй, ягчис надад жич болмуй, морин толгойт надад гуч болмуй!” өвгөн сонсоод сүнс сарнин сүг завхаж, царайны өнгө Шороо мэт болоод даруй дотогш ороход, Тансаг татаж барин дагаж ороод инээн өгүүлрүүн: “Өглөгийн эзэн бүү айгтун, эд цөм үг хэлж чадахгүй бүдүүлэг хүмүүс болой.”

 

            Ийнхүү хараахан ятган байтал, гэрийн дотроос нэгэн эмгэн тав зургаан насны нэгэн хүүхдийг дагуулан гарч ирээд: “Өвгөн юунаас ийнхүү айн цочсон буй?” хэмээн асуухад өвгөн: “Цай авчир” хэмээв. Тэр эмгэн үнэхээр хүүхдээ орхиж дотор орон хоёр цом цай авч ирэн барив. Тансаг эмгэнд ёслон өгүүлрүүн: “Бадарчин тойн би зүүн газрын Тан улсын хааны зарлигаар баруунш ном залахаар одогч болой, сая таны энд хүрч ирээд эрхмийн өргөөнөө хоног барьсугай хэмээн гуйхад, миний гурван шавийн зүс нь муухай тул өвгөн өглөгийн эзнийг цочоов.” Эмгэн өгүүлрүүн: “Зүс муухай хүнээс ийнхүү цочмуй, хэрвээ барс чоно ирсэн бөгөөс яах вэ?” Өвгөн өгүүлрүүн: “Зүсний муухай нь юу хиймүй, ганц хэлэх үг нь хүнийг нэн цочоомуй, би тэднийг ягчис, морин толгойт, аянгын эрхтэн мэт хэмээхэд, тэр харин тэдгээр цөм миний ач жич гуч болмуй хэмээн хашхиран зандмуй. Тийнхүү би энэ мэт айсан болой.” Тансаг өгүүлрүүн: “Бус, бус. Тэр аянгын эрхтэн мэт нь миний ахмад шавь Бичин хэмээгч, тэр морин толгойт нь миний хоёрдугаар шавь Гахай хэмээгч, тэр ягчис мэт нь миний бага шавь Шороо хэмээгч болой. Тэдний зүс хэдий муухай боловч цөм номд орсон улс болой, чөтгөр бус тэднээс бүү айгтун!” Өвгөн эмгэн хоёул тэдний нэр овог бурхны номд орсоныг сонсож сая итгээд: “Дуудаж оруул” хэмээсэнд Тансаг гарч захиран: “Сая тэр өвгөн таныг үзээд их л жигшсэн бөлгөө, та өдгөө орж золгоход ёстой аашлан: “ Гахай өгүүлрүүн: “Миний зүс сайхан бөгөөд зан бас ч сайн, хоёр номын ах лугаа адил алиа бус.” Бичин инээн өгүүлрүүн: “Ганц хошуу чинь урт бөгөөд чих чинь дэлбэгэр бус бөгөөс мөн сайхан эр бөлгөө.” Шороо өгүүлрүүн: “Энд үг булаалдан мэргэлэх газар бус, хурдан дотогш ортугай!”

 

Төд амьтай, морио авч гол гэрт орон бүгдээр ёслон суулцсан хойно, тэр эмгэн хүүхдээ дагуулан ариун цав бэлтгэж тэр дөрвүүлэнд итгүүлэв. Тэндээс орой болсон тул зул асааж гол гэрт сул хэлэлцэн ахуйд, Тансаг асууруун: “Өглөгийн эзний эрхэм овог юун? Насан сүүдэр хэд хүрэв.” Өвгөн өчрүүн: “Миний овог Ян, өдгөө далан дөрвөн настай.” Тансаг бас асууруун: “Хэдэн хөвгүүнтэй буй?” Өвгөн өчрүүн: “Ганц хөвгүүн буй, сая эмгэний дагуулж байсан нь бага ач болой.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос хөвгүүнд чинь золгосугай.” Өвгөн өгүүлрүүн: “Тэр мууд золгох хэрэггүй, өвгөн миний заяа муугийн тул түүнийг төрөв, өдгөө мөн гэрт үгүй.” Тансаг бас асууруун: “Хааш худалдаа хяр одов?” Өвгөн толгойгоо сэжин шүүрс алдан өгүүлрүүн: “Хөөрхий! хөөрхий! Үнэхээр худалдаа хийх бөгөөс мөн миний хишиг болой! Муу сэтгэл үүсэн сайнаар явахгүй, зам тосон хүнийг алан, гал тавин хулгай дээрэм хийж явмуй! Ханилсан нөхөд нь цөм муу явдал хийдэг улс!... Таван өдрийн өмнө гараад өдгөө болтол ирээгүй.” Тансаг үүнийг сонсоод айшгүй үл дурдан дотроо ийн сэтгэрүүн: “Бичиний алсан нь лав тэр буй за...” хэмээгээд сэтгэл нь амаргүй болж бие мэхийн өгүүлрүүн: “Ийм сайн эцэг эхээс яахан тийм тэрслүү хөвгүүн төрөв!” Бичин урагш давшин өгүүлрүүн: “Энэ мэт сайнаар үл явагч худалч хулгайч хөвгүүнээр юу хиймүй! би чиний тул эрж авчраад элдэж алсугай.” Өвгөн өгүүлрүүн: “Би ч алсугай хэмээмүй, ганцаар үр үгүйн тул түүнээр ясаа бариулж гал голомтоо сахиулсугай хэмээх болой.” Шороо, Гахайтан инээн өгүүлрүүн: “Aх, бид түшмэл ч бус, хүний гэрийн хэрэг маньд ямар хамаа буй! Харин түүнээс нэгэн боож өвс гуйж олоод дэвсэж унтаад маргааш тэнгэр гэгээрмэгц замаа хөөвөөс барав.” Тэр өвгөн Шороог дагуулан одож өвс авчруулан, хойд хүрээний өвсөн гэрт хоногтун хэмээсэнд Бичин даруй морио хөтлөн, Гахай боодлоо үүрч Тансагийн хамт тэр өвсөн гэрт хонохыг түр өгүүлэхгүй.

 

Жич өгүүлэх нь, тэр бүлэг дээрмийн дотор үнэхээр энэ өвгөний хөвгүүн буй ажгуу. Дээрмийн хоёр түрүү нь Бичинд алдсанд тэр зүг бүр дутаасан ажгуу. Дөрвөн жингийн үеэр тэд дахин цуглаж нэгэн бүлэг болоод хүрч ирэн үүдийг тогшиход өвгөн дээлээ нөмрөн эмгэнийг дуудаж: “Тэдгээр амьтад ирсэн болой”  хэмээхэд эмгэн өгүүлрүүн: “Ирсэн бөгөөс чи одож үүдээ нээн гэрт оруулбаас барав.” Өвгөн сая босч үүдээ нээж өгтөл хулгай нар орж ирээд: “Өлсөв! Өлсөв!” хэмээн цуугилдахад тэр өвгөний хөвгүүн бас дотор гэрээс энхэрээ дуудан будаа чана хэмээгээд хойд хүрээнд одож түлээ авч ирээд эхнэрээс асууруун: “Хойд хүрээнд байх тэр цагаан морь хаанаас ирсэн буй?” Эм нь өгүүлрүүн: “Зүүн газраас ирсэн ном залагч тойн орой гадна ирээд хоног гуйсанд хадам эцэг эх оройн цав бариад өвсөн гэрт хонуулжээ.”

 

Тэр хөвгүүн эмийн үгийг сонсоод олны зүг алга ташин инээн өгүүлрүүн: “Ах дүү нар минь, хишиг тараав! Хишиг тараав! Тэр өшөөт хүн минь гэрт ирж хоножээ!” Олон хүн асууруун: “Тэр өшөөт хүн хэмээгч хэн буй?” Тэр хөвгүүн өгүүлрүүн: “Манай хоёр түрүүг алсан тойн миний гэрт хоног гуйгаад өдгөө өвсөн гэрт унтаж байнам.” Олноор өгүүлрүүн: “Энэ харин сайн! Эдгээр тоймгуудыг барьж нэгэнд болбоос морь амьтайг нь олон, жичид хоёр түрүүгийн өшөөг авсугай!” Өвгөний хөвгүүн өгүүлрүүн: “Бүү яар, илдээ билүүд, будаа цадтал идсэний хойно бид гар хөдөлсүгэй.” Хулгайч нар үнэхээр илд жадаа билүүдэн авай.

 

Тэр өвгөн энэ үгийг нь сонсоод сэмээр хойд хүрээнд одож, Тансаг тэр дөрвүүлийг дуудан сэрээж “Тэр амьтан нэгэн бүлэг дээрэм дагуулан ирж таны энд байхыг мэдээд хорлосугай хэмээмүй, өвгөн би таны хол газраас ирснийг өр өвдөн хойд хаалгаар гаргасугай, түргэн амьтайгаа засагтун” хэмээсэнд, Тансаг чичрэн мөргөж өвгөнд тал өгөөд, Гахайг дуудан морио хөтлүүлэн Шороогоор дамжуурыг дамжуулан, Бичин дулдуйг барин одоход, өвгөн хойд хаалгаа нээж тавин гаргаад сэмээр гэрт эгэж унтав. Тэндээс хулгай нар таван жингийн үеэр цадтал идээд, хурц зэвсэг барьж, хойд хүрээнд ирж үзвээс нэг ч хүн үгүй, яаран дэнгийн зул асааж эрвээс огт бараа тор үгүй, төд хойд хаалганаа ирж үзвээс нээж баймуй. Бүгдээр “Хойд хаалгаар оргов!” хэмээлдэн хойноос нэхэн эчив.

 

Олон дээрэм нисэх мэт нэхсээр наран мандахын хэрээр сая гүйцэв. Тансаг хашхирах дууныг сонсож яаран хойш харж үзвээс хорь гучин хүн зэвсэг өргөлцөн нэмэмжлэн ирмүй. Тансаг их л гэлмэж : “Шавь нар минь дээрэм нэхэн иржээ, одоо хэрхвээс сайн!” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Бүү цухалд! бүү цухалд! Өвгөн Сүн би эчиж хариулсугай!”  Тансаг морийг татаж: “Бичин чи айлгаж эгүүлбээс барав, хүнд хор бүү хийгтүн” хэмээсэнд, Бичин юуны сонсох аж, шийдэм өргөн угтан ирж өгүүлрүүн: “Та нар хааш одмуй?” дээрмүүд хараан өгүүлрүүн: “Муу тоймог бүү ёс бусчил! Манай их вангийн амийг төлж өг!” хэмээгээд томоолон жадлан цавчилахад, Бичин даруй алтан толтот шийдмийг нэгэнтээ сажин аяган чинээ бүдүүн болгоод хулгайч нарыг бутартал занчихад үнэхээр ас оногдсон нь амь нь бусниж, халт оногдсон нь хаа гуя нь хэмхэрч зальтай нэгэн нь зайлан эчээд завшаангүй бүгд нь зуурдын сүнсэн болов!

 

Тансаг морин дээрээс түүний олон хүнийг занчин унагасныг үзээд морио хаян баруунш дутаан одоход, Гахай Шороо хоёул даган одов. Тэндээс Бичин шарх олоод үхээгүй дээрмээс: “Аль нь Ян өвгөний хөвгүүн буй?” хэмээн асуусанд, тэр ёолон өчрүүн: “Өвөг, тэр шар дээлт нь мөн болой!” Бичин урагш давшин илдийг нь аван тэр шар дээлт дээрмийн тэргүүнийг огтолж аваад, багшаа гүйцэж: “Энэ нь тэр Ян өвгөний муу хөвгүүний толгой болой” хэмээсэнд, Тансаг их л айн, мориноос тонгорцоглон унаад царай хувилан хараан: “Энэ муу сармагчин намайг юунд айлгаж алмуй! Цааш аваач! Цааш аваач!” хэмээв. Гахай урагш давшин тэр хүний толгойг өшгөлөн зайлуулж замын хажууд Шороог малтан булж орхив.

 

Шороо дамжуураа тавьж Тансагийг түшин: “Багш босогтун” хэмээсэнд Тансаг сая сэтгэл тухарч амандаа цагираг чангаруулах тарнийг уншив. Бичин тэсгэлгүй өвдөж өнхрөн: “Багш бүү унш! Бүү унш!” хэмээвч Тансаг арваад удаа уншаад бас үл зогсоход Бичин өвдөн огт тэсэхгүй болоод гуйн өгүүлрүүн: “Багш уучил! Үг буй болбоос даруй өгүүл! Уншихаа байх ажааму!”  Тансаг сая уншихаа зогсоод ийн өгүүлрүүн: “Хэлэх үггүй, чи намайг дагах хэрэггүй, чи хойш эгэгтүн!” Бичин өвдөхийг хүлцэн мөргөн өгүүлрүүн: “Багш, намайг юуны учир үлдмүй!”  Тансаг өгүүлрүүн: “Энэ муу чивэлт сармагчин чи ном залах сармагчин бус, чи өчигдөр хоёр хүнийг алсан, би чамайг өршөөлгүй хэмээн буруушаасан болой. Үдэш өвгөний гэрт хүрч ирснээ, тэр бидэнд цав идүүлэн хонуулав. Бас манийг өршөөж үүдээ нээж үдэн явуулж амийг гаргав. Түүний хөвгүүн муу боловч бидэнд мөн хамаагүй, түүний толгойг юунд огтолмуй. Бас тэдгээр олны амийг нядалж тэнгэр газрын найрамдах уурыг хэдийчинээ хохируулав. Би дахих дахин ятгавч чи өчүүхэн ч сайн сэтгэлийг барихгүй, чамайг дагуулж юу хиймүй! Үтэр од! Үтэр од! Эс явбаас би мөн тэр тарниа уншмуй!” Бичин айн: “Бүү унш! Бүү унш! би явсугай!” хэмээгээд огторгуйд тонгорцоглон бараагүй болов. Аяа энэ үнэхээр: Сэтгэл балмад болбоос бясалгал бүтэхгүй, сахиус догшин болбоос шид олохуйяа бэрх. Бичин чухам хааш одсоныг мэдэшгүй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.

 


[1] ургамал


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК