
С.Нарангэрэл өмгөөлөгч энэ удаагийн шүүх хурлыг Монгол Улсад анх удаа хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, дэлхий дахинд манай улсын нэр төрийг гутаасан шүүх хуралдаан болж өнгөрсөн хэмээн үзсэнээ мэдэгдэж, ийнхүү ном гаргахаар болсон байна.
Тэрээр 1988-1990 онд прокурорын туслах, шүүн туслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байхдаа яруу найрагч Р.Чойномыг төрийг эсрэг онц аюултай гэмт хэрэгт ял шийтгэсэн хавтаст хэргийн материалыг тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны (НАХЯ) төв архиваас улсын нууцыг задруулахгүй гэдэг ам өчгөө өгч, хэрэв задруулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ гарынхаа үсгээр нотлон байж татуулан авч, хянаж судлаж байв. Тэгээд хэргийг хянаж дууссаныхаа дараа тэр үеийн Улсын Ерөнхий Прокурорт – яруу найрагч Р.Чойномыг үнэхээр хэлмэгдүүлчихжээ. Хэдийгээр тэр мөнх бусыг үзсэн ч түүнийг цагаатгах нь хувь хүнийх нь хувьд төдийгүй цаашид хүний эрхийг хамгаалахад нийгэмд ач холбогдолтой чухал үйл явдал болно. Түүний үйлдэлд нэгэнт гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байгаа тул таны Улсын Дээд шүүхийн бүгд хуралд бичих эсэргүүцлийн төслийг төлөвлөчихлөө гэж албан ёсоор танилцуулж байжээ.
Харин дараа нь “Р.Чойномд тулгасан ял” хэмээх дотроо
“ЯРУУ НАЙРГАН” МӨРДӨН БАЙЦААЛТ

“ТЭРСЛҮҮ” Р.ЧОЙНОМД ТУЛГАСАН ТӨРИЙН ЯЛЛАГААНЫ УТГА АГУУЛГА
ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМ БА “УЛС ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГ”
Р.ЧОЙНОМЫГ ХЭЛМЭГДҮҮЛСНЭЭ ТӨРӨӨС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ
Р.ЧОЙНОМЫН “УЛС ТӨРИЙН ХЭРГЭЭС ҮҮДСЭН” ТҮҮХЭН СУРГАМЖ гэсэн бүлэгтэй бэсрэг ном гаргаж, шуугиан дэгдээж байв. Тус ном хэвлэлтэд гарсны дараа хүмүүс Р.Чойномыг хэрхэн хэлмэгдэж явсан тухай олж мэдсэн байдаг.
Түүн шигээ тэрээр Н.Энхбаярыг мөн улс төрийн хэлмэгдүүлэлтэд хэрхэн орсон талаар уншигчдад мэдээлэл өгөхөөр шийджээ.
“Р.Чойномд тулгасан ял” номоо 50000 хувь хэвлүүлж байсан. Харин “Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” номоо одоогоор хэдэн мянган хувь хэвлэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Туршлагадаа тулгуурласан олон арван ном боть гаргаж байсан ч практиктаа тулгуурлан гаргаж байгаа хоёр дахь ном нь ийнхүү “Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” ном болжээ. Тэгэхээр түүний эл номноос Н.Энхбаярын тухай олж мэдэх бөгөөд энэ ном нийгэмд ихээхэн шуугиан дэгдээж магадгүй болоод байгаа юм. Учир нь гурван хоногийн турш үргэлжилсэн Н.Энхбаярын шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзсэн иргэд Н.Энхбаяр хэлмэгдсэн, хэлмэгдээгүй гэсэн хоёр талд хуваагдаад байгаа билээ.
Б.Чимэг