Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жавар үргэтэл далай ээжийнхээ энгэрт эрхэлсэн нь

2019-3-06
0
ЖИРГЭХ

Тэртээ 20 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын далайн захын багийн 300-гаад иргэн санаа зорилгоо нэгтгэн чаргатай морин уралдаан зохион байгуулахаар Хөвсгөл нуурын эрэг дээр цуглажээ. Мөсөөр урлагийн бүтээл хэрхэн шаглахаа төдийлөн мэдэхгүй учир модны хөрөөгөөр нуурын мөсийг хөрөөдөж, хэлбэр дүрс гарган баяраа эхлүүлэхээр болов. Гэтэл морин чарга моодноос гарсан үе таарсан тул далайн эргийн ойролцоох сумдаар морин чарганы эрэлд гарчээ. Ингээд ердөө зургаахан морин чарга цуглуулав. Гэсэн ч тэд гололгүйгээр мөсний баяраа эхлүүлснээр хоймор нутагт жавар үргээсэн мөсний баяр уламжлал болж зохиогдох эхлэлийг тавьсан түүхтэй. 20 жилийн улбаатай мөсний баяр өдгөө зөвхөн хөвсгөлчүүдийн биш харин нийт монголчуудын баяр болоод албан ёсоор 19 дэх жилтэйгээ золгож байна.

Нийслэлээс 950-иад км-ын зайд орших хоймор нутагт зохиогддог эл наадмыг сурвалжлахаар сэтгүүлчид өглөө эртлэн хөдлөв. Хаврын эхэн сар гарсан ч гэлээ нутгийн хойд хэсгээр өдийд дүнхийсэн цастай байдагсан. Гэвч цас бага унаснаас болж, Орхон, Булган, Хөвсгөл аймагт туурайн зуд нүүрлэх аюул тулгарчээ. Уулын орой хэсгээр цайран харагдах хэсэгхэн цасыг эс тооцвол уул тал харлан бараантах нь сэтгэлд уйтгар төрүүлмээр. Ийн явсаар зорьсон газартаа хүрэхэд “Liona” амралтын газрын захирал А.Амартүвшин биднийг уртав. Монгол зон олны зочломтгой зангаар мэнд мэндлээд буудаллах байранд хүргэх тэрхэн мөчид өвлийн аялал жуучлал гэдгийг утгаар нь хөгжүүлж яваа эрхэм юм даа гэсэн бодол эрхгүй төрөв. Амралтын баазын хашааны үүднээс эхлээд Хөвсгөл нутгийн өнгө төрхийг илтгэсэн лого, хөшөө дурсгал хөврөх нь сэтгэлд дулаахан. Цаашлаад монгол гэр, өвлийн байшин сэлтийг өнөө цагийн жуулчдын сэтгэлд хүрэхүйцээр тохижуулсан нь цаанаа л нэг донжтой. Аян замд алжаасан бид өглөөний нарыг эртлэн харж, түүхт мөсний баярын нээлтээс хоцролгүй очихоор тохиров.

Үүр цайлаа. Хоймор нутагт наран мандахдаа Хөвсгөл нуурын гүн цэнхэр мөснөө ойх тэрхэн үед тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэйгээр гялбан тодрох аж. “Liona” амралтын газраас ердөө гурав хүрэхгүй км-ын цаана мөсний баяр болж буйг илтгэх мэт машин цуваа хөвөрнө. Үүнээс гадна өргөн энэтэй дугуй унасан иргэд нууран дээгүүр ажралгүй жийх нь бас л содон. Энэ жилийн мөсний баяр далай ээжийн голд байрлах Хүйсийн толгойд зохиогдож буйгаараа онцлог. “Хөх сувд” наадам Хөвсгөл нуур тэр дундаа байгаль орчноо хамгаалах уриан дор зохиогддог уламжлалтай. Өнгөрсөн жилийн баяраар 32 улсын нийт 15 мянган иргэнийг зочилсон бол өнөө жил үүнээс хол давсан гийчид энд саатаж буй харагдав. Зочдын тоог барагцаалбал, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Архангай, Дорноговь, Баянхонгор, Увс, Завхан гээд бараг 21 аймгаас 15 мянган аялагч, орон нутгийн 10 мянга гаруй иргэн, гадаадын 18 орны 320 жуулчин хүрэлцэн ирсэн юм. Энэ нь 2018 онтой харьцуулахад дотоодын аялагчдын тоо 5000-гаар, гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд энэ хэрээрээ  орон нутагт орох орлого хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.

ЧАРГАТАЙ МОРЬТОНГУУДЫН ӨВӨР ТҮНТИЙСЭН МӨСНИЙ БАЯР

Аль ч улс орон аялал жуулчлалаас олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд жуулчдын сонирхолыг татахуйц тэмцээн уралдааныг олноор зохиодог уламжлалтай. Мөсний баярын хувьд ч энэ жишгийг эвдээгүй юм. Дотоодын аялагчид төдийгүй гаднынхны анхаарлыг татсан үзвэрээр тахтай морин чарганы уралдаан, тахтай хатирч морьдын уралдаан шалгарсан юм. Тахтай хатирч морьдын уралдаан 15 км замыг туулж барианд орсон бол тахтай морьд 12 км зайд уралдав. 12 км замыг мөсөн дээгүүр туулна гэдэг хэцүүхэн сорилт. Энэ хол замыг ердөө 15 орчим минутад туулах бөгөөд хэн түрүүлэх нь боож баригч буюу чарга залуурдагчаас ихэнх зүйл хамаарна. Энэ удаагийн уралдаанд хоёр чаргатан эн тэнцүүхэн барианд орсон нь олныг талцуулаад авав. Азаар видео бичлэг хүмүүсийн буянаар асуудлыг төвөггүйхэн шийдсэн юм. Ингээд нийт 28 морь уралдсанаас тэргүүн байранд  Б.Батжаргалын хар алаг морь орсон бол удаахь байрт Н.Батмөнхийн хүрэн, П.Баттулгын хүрэн халзан, Д.Эрдэнэбатын халтар, Ц.Гансүхийн хүрэн морьд айргийн тавд хурдалж мөсөн дээр хуран цугларсан наадамчдыг баясгав.

Чаргатай морьтонгууд зөвхөн уралдаанд оролцох гэж мөсний баярыг зорьдоггүй аж. Хүйсийн толгойг нэг орооход 1.5 км-ын зайтай. Энэ зайг морин чаргаар нэг удаа тойроход нэг хүний 5000 төгрөгийн ханштай. Мөсний баярт эл үйлчилгээг үзүүлэхээр 60 гаруй морьтон ирсэн ч ирсэн зочдод тийм ч хангалттай байгаагүй юм. Ёстой л найман настай балчираас 80 настай өтгөс хүртэл морин чарган дээр сууж үзэхийг хүсэмжлэх нь мөсний баярын онцлох үзвэр болох нь илт байсан. Ийм эрэлттэй бизнес эрхлэх морьтон тус бүр нэг өдөрт 400 орчим мянган төгрөгийн ашиг олсон гэдгийг дуулаад мөсний баярын гол зорилго биелэлээ олж дээ гэсэн бодол төрсөн юм.

Ингээд тус наадамд гурван жил оролцохдоо гурван удаа түрүү авсан уяач П.Батхуягтай ярилцлаа.

П.Батхуяг: ЧАРГАТАЙ МОРЬТОНГУУДЫН ТОО ОЛШИРСОН

-Мөсөн дээр уралдах морьдоо хэдий хэр хугацаанд сойж бэлтгэдэг бэ?

-Хоёр сарын өмнөөс бэлтгэдэг. Өвс, тэжээл, сойлго тааруулахад ажил багагүй ордог.

-Морины таханд стандарт гэж байдаг уу. Эсвэл өөр үү?

-Оросоос тах орж ирдэг юм. Гэхдээ жижиг туурайтай моринд таардаггүй. Сүүлийн үед тах, хадаас, эдлэл хэрэглэлийн олдоц тааруу болсон. Тиймээс ах, дүү хоёртойгоо нийлж, өөрсдөө урладаг болсон. Мөсний баярын үеэр сайхан эдлэл хэрэглэлтэй чарга, сайхан чаргатай морь, сайн морийг шалгаруулдаг хэрнээ хүнд харуулчих өргөмжлөл гардуулдаггүйд сэтгэл дундуур байдаг. Уг нь ийм чимэглэлтэй чарга бэлтгэж ороод ийм өргөмжлөл авч байлаа гээд хүнд үзүүлбэл сайхан биз дээ. Нөгөөтэйгүүр, ах бид гурвыг бусад маань дуурайж, эдлэл хэрэглэлдээ их анхаардаг болсон.

-Тахтай хатирч морьдын уралдаан түрүүлсэн байх аа?

-Тэгсэн. Сүүлийн гурван жил түрүүлж байна.

-12 км газрыг 10 гаруйхан минутад туулахын тулд их хурд шаарддаг юм байна. Осол аваар гарах үе байдаг уу?

-Туршлагагүйгээсээ болж чаргаа унагаах, морь халтирч унагаах тохиолдол гардаг. Эмээл морьноос өөр л дөө.

-Чарганы тэнцвэрийг яаж барьдаг юм бэ?

-Тэшүүрийн дор тормоз авах зориулалттай төмөр бэхэлсэн байдаг юм. Хэрвээ огцом зогсох хурдаа хасах болбол энэ төмөр дээрээ хүчээ тохируулж гишгэх ёстой. Мөн замын бартаагаа харж, морины амаа татахгүй бол хоорондоо мөргөлдөх аюултай.

-Чарга бүрийн дээр хонх өлгөсөн байна. Энэ ямар учиртай юм бэ. Гоёл гангараа юм уу?

-Гангараа гэхээс илүүтэй хойно яваа морин чаргаа хэр хол зайтай явааг сонсох зориулалттай эд. Дээр үед чаргаар тээвэр хийдэг байсан хүмүүс хамгийн арын мориндоо хонх зүүдэг байсан юм билээ. Тэмээгээр жин тээх үед хонх зүүдэг дээ. Түүн шиг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, тээвэрт явсан хүмүүс хонхны чимээгээрээ дамжуулж, “Гэртээ ирж байна шүү” гэдгээ мэдэгддэг байж. Хонхны чимээгээр нь гэрийн эзэгтэй хоол, цайгаа бэлддэг байсан гэдэг юм билээ. Харин орчин үед, ялангуяа уралдааны үеэр нэгнийхээ баримжаа авах зориулалтаар ашиглаж байна.

-Уралдаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна уу?

-Нэмэгдэж байна. Зөвхөн жуулчдад үйлчлэх шугмаар биш уралдаанд оролцох сонирхолтой залуус олширсон. Ах бид гурав гэхэд энэ жил зургаан морь сойсон. Миний хүрэн халзан морь маань 2018 оны Дархадын Их хурдад түрүүлсэн шандастай хүлэг.

 

Мөсний баярын үеэр олныг баясгасан эл уралдаанаас гадна тэшүүр, сур харваа, олс таталт , “Аав, ээж, би”,  авто машины уран жолоодлого, сумо бөх, волейболын тэмцээн, мөс мөргөлдүүлэх тэмцээн, жуулчдад зориулсан тэмцээн зэргийг зохиогдсон бөгөөд үүнд нийтдээ 900 орчим тамирчид оролцож хурд хүчээ сорисон юм.

Хөх сувд-2019 баярын үер бөөгийн гал тахих ёслолын арга хэмжээ болсон нь бас л олныг хамарсан. Харуй бүрий тасарсан цагаар зан үйлд ашиглах том хэмжээтэй түүдэгээс гадна түүнийг тойрсон долоон жижиг түүдэг гал асаах аж. Ингээд дөрвөн зүг, найман зохисоос ирсэн бөө нар бөөлж, онгон байгаль, эх болсон дэлхийг муу муухай бүхнээс авран гэтэлгэж, зон олныг амар жимэр амьдрахад туслахыг онгод тэнгэрээсээ гуйж, өглөг барьцаа барих аж. Бөөгийн зан үйлийг тийм ч сайн мэдэхгүй зарим иргэд сүр жавхлантайг нь бахдах бол үнэн сэтгэлээсээ итгэн биширдэг зарим нь аврал эрэн үнэн сэтгэлээсээ залбирч байгаа харагдсан юм.

Ийнхүү дөрвөн өдөр үргэлжилсэн мөсний баяраар жавар үргээсэн инээд хөөр цалгиж, ирсэн гийчид уушги юугаан цэвэрлэж, цэнгэн баяссан. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр сэтгэл эмтэлж, урам хугалсан цөөнгүй явдал энэ үеэр болсон юм.

 

НОЙЛООР ЦАНГАСАН НААДАМЧИД

Гаднын гийчид Монголын онгон дагшин байгалийг сонирхохын сацуу үе дамжин уламжлагдан ирсэн өв соёлыг үзэж сонирхохоор ирдэг. Тиймдээ ч тэдний олонх нь наадамчин олныг хүндэтгэж, “Сайхан баяр болж байна” хэмээн хогоо хаялгүй цүнхэлж яваа харагдсан. Гэвч наадамлаж яваа монголчууд маань даанч хүний сэтгэлээр хандаж буйг хараад гутах сэтгэл төрсөн юм. Учир нь Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарч дээрх баярыг зохион байгуулахдаа аль чадлынхаа хэрээр зургаан ширхэг био нойль байрлуулсан байв. Бүхэл бүтэн 20 мянган орчим иргэнд энэ тоо хангалтгүй л дээ. Гэхдээ ёс зүйгээ баримтлаад үйлчлүүлбэл зохицуулж болохгүй гэх газаргүй. Гэтэл хуран цугласан олон бие засах газрын цэвэрлэгээний хураамж болох 200 төгрөг төлөхөөс цааргалсан уу, эс бөгөөс 10 минут хүлээх сэтгэл дутсан уу. Ямартай ч цугласан олны олонх нь мөсний баярын талбайгаас 10 метр холдов уу, үгүй юу биеэ хөнгөлж байгаа харагдсан. Түүнчлэн энэ сарын 1-нээс нийлэг уут хэрэглэхийг улс орон даяар хориглосон атал худалдаа эрхлэгчдэд энэ журам бас л үйлчилсэнгүй.

Сэтгэл урам ийм явдлын хажуугаар гэрэл гэгээтэй мэдээ бас бий. Энэ нь Хатгал багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид баг болон хуваагдаж, иргэдийг хог хаяхгүй байхыг уриалж яваатай таарсан юм. Тэд жижигхэн чарган дээр цаасан хайрцагаар урласан хогийн саваа байрлуулан иргэдээс хогийг нь гуйж авч байгаа харагдсан. Сурагчдын хэлснээр хог хаяхгүй байх нь ирээдүйгээ аварч буйн илэрхийлэл гэсэн нь томчуудад багагүй үлгэр дуурайлал болох биз ээ.

200 МЯНГЫГ ДӨРВӨН САЯ БОЛГОСОН ЗАЛУУ

Хаа газарт зохиогдсон арга хэмжээ худалдаачдад таатай боломжийг олгодог. Мөсний баярын үеэр ч гэсэн нутгийн иргэд дотоодын бүтээгдэхүүнээ худалдахаар өөрсдийн байраа эзэлсэн байв. Сумын төвийн дэлгүүрээс бага зэрэг үнэтэй ч гэлээ өргөн сонголттой болохоор жуулчид огт түүртээгүй юм. Уг худалдаанд Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн болох нөөшилсөн загаснаас эхлээд утсан загас, гар урлал, модны яраар урласан аяга, таваг, халбага, эмээл, хазаар, гоёл чимэглэл, гутал, хувцас гээд бараг ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх шиг байв.

             Тэдний дунд нэгэн залуу олныг хуйлруулсан худалдаа эрхэлж байгаатай таарч эрхгүй сонирхож үзлээ. Мөсөн дээр халтирч уначихгүй алхах багагүй авъяас шаардах ажил. Тиймдээ ч тэшүүрээр гулгаж чаддаг нь цагийн 5000 төгрөгөөр тэшүүр түрээслэх бол, энэ спортод суралцаагүй зарим нь биеэ хурааж, аль болох уначихгүйг хичээн биесээсээ зууран аажуухан алхана. Харин энэ эрэлт дээр дөрөөлж, мөнгө босгохоор завгүй тонголзох Идэрмөнх гэдэг залуу ямар ч гутланд таарах боломжтой хадаастай углааш хийжээ. Тэрбээр углааш хийхийн тулд дугуйны хаймарыг хэв гарган тайрч зүсэн уланд нь жижиг хадаасыг дөрөв, дөрвөөр нь эвтэйхэн байрлуулжээ. Хоёр өдрийн хугацаанд 400 ширхэг ийм хадаастай углааш зарсан нь чамгүй ололт шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, нэг бүрийг нь 10 төгрөгөөр зарсан энэ углаашийг хийхийн тулд нийтдээ 200 мянган төгрөг зарцуулсан байна. Ингээд тооцвол хоёрхон өдрийн дотор нийтдээ 3.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн үг юм. Гарын ур дүйтэйн буянаар мужааны эрдэмд суралцсан тэрбээр өнгөрсөн жилийн баяраар мөн л энэ углаашаа зарж, чамгүй ашиг олжээ.

 

          Идэрмөнхийн зэргэлдээхэн Хятадад захиалгаар үйлдвэрлүүлсэн хадаастай углааш зарж буй залуутай таарав. Ур хийцээс нь харвал аргагүй л үйлдвэрийн бүтээгдэхүүн аж. Гэхдээ үүнийгээ дагаад Идэрмөнхийн хадаастай углаашнаас арай үнэтэй. Өнөөх залуу углаашаа 20 мянган төгрөгөөр зарах бөгөөд наадмын хоёр дахь өдөр гэхэд гурван хайрцаг буюу 500-гаад углааш зарсан гэв. Харин наадмын гурав дахь өдөр “Дуусч байгаа учир 50 хувийн хямдрал зарлаж байна” гэчихсэн зогсож байна лээ.

Энэ мэтчилэн монголчууд бид зөвөөр наадамлаж, бусдаас суралцаж, байгаль дэлхийгээ хайрлаж, нийгэм ёстойг сануулсан мөсний баяр өмнөх жилүүдээс зохион байгуулалт харьцангуй сайн болсныг энд онцлох нь зүйтэй болов уу.

 

Тэртээ 20 жилээс улбаалагдсан мөсний баяраар жавар үргэтэл наадамласан олон Хүслийн хаднаа хүслээ шивнэж, далай ээжийнхээ энгэрт дөрвөн өдөр эрхэлснээр мөсний баяр ийнхүү өндөрлөсөн юм. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 17 градус дулаан байна
Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.169.162)
    boli boli
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    хөөх очиж гутлын хадаас заръя байз
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
    6 цаг 29 мин
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
    6 цаг 56 мин
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 50 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Уржигдар 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Уржигдар 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Уржигдар 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Уржигдар 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Уржигдар 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Уржигдар 13 цаг 26 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК