
Дэлхийд алдартай Массай Мара цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг тээвэрлэж явсан онгоц осолдож, дөрвөн хүн амь насаа алджээ. Энэ үеэр онгоцонд зорчиж яваад амиа алдсан дөрвөн хүний хоёр нь Герман улсаас ирсэн жуулчид, хоёр нь Кенийн нисгэгчид байжээ. Нисэх онгоцны буух талбайн ажилчид болоод орон нутгийн хүмүүс ослын газарт яаралтай хүрч, онгоцны эвдэрсэн нурангинаас хохирогчдыг гарган авсан байна. Онгоцонд 11 жуулчин явснаас тав нь Герман, дөрөв нь Америк, хоёр нь Чех улсын иргэн байжээ. Шархадсан есөн жуулчныг онгоцоор нийслэл Найроби хотод хүргэсэн бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал маш хүнд байгаа тухай эх сурвалжууд мэдэгдэж байна.
Дээрх дархан цаазат газрын харъяалагддаг Нарок дүүргийн цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр ослын улмаас онгоцны хоёр нисгэгчээс гадна дунд эргэм насны эрэгтэй жуулчин, ахимаг насны эмэгтэй жуулчин амиа алдсан гэнэ. Тэдний сууж явсан хоёр хөдөлгүүрт онгоц нь газраас нэг км орчмын өндөрт хөөрсний дараа хамраараа доош унаж намгархаг газарт осолдсон ажээ. Онгоц газарт унахаасаа өмнө нэлээд өндөрт хөөрсөн байсан тухай албаны хүмүүс мэдэгдэж байна. Наймдугаар сард Кени болон Танзани улсын хооронл нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдыг үзэхээр тус улсад жуулчид олноор ирдэг ажээ.