
Эх сурвалжийн мэдээлснээр, намын ЕНБД-ын суудалд БОАЖЯ-ны сайд асан, МАХН-ын гишүүн Г.Шийлэгдамбыг томилох гэж байгаа гэлээ. Түүнийг мөн Засгийн газарт оруулахаар ярилцаж байгаа юм.
Г.Шийлэгдамба энэ жилийн сонгуульд МАХН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээж, Өвөрхангайн аймагт нэр дэвшин ялагдсан. Тэрээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад улстөрийн томоохон албан тушаал хашиж, намдаа нэр хүндтэй нэгэн байсан. Харин Байгаль орчны сайдын албан тушаалаа өгснөөс хойш улс төрөөс хол байж, гадаадад мэргэжил дээшлүүлээд ирсэн юм.
Мөн Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээ байгууллагаас түүнийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байдаг. Г.Шийлэгдамбыг сайд байхдаа 284 лиценз бусдад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олгосон, бусадтай бүлэглэн хувьдаа завшсан гэх үндэслэлээр өгсөн билээ.
Тэрээр Н.Энхбаярын Засгийн газрын үед дархан цаазат Богд хан уулын Жаргалантын аманд Аялал жуулчлалын транзит зорчигчдын цогцолбор гэгчийг байгуулах болж, Засгийн газрын 2003 оны 260 дугаар тогтоол гарган барилгын ажил эхлүүлж, 5,404,8 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ их мөнгөнийх нь баримтыг Үндэсний аудитын газраас үр нөлөө муутай хөрөнгө оруулалт гэж дүгнэсэн байдаг. Энэ цогцолбор нь 16 шавар гэр, ганц буудал мөртлөө таван тэрбум төгрөгийн өртгөөр боссон гэж байгаа. Төрийн их тахилгатай дархлагдсан Богд хан уулын хувь заяа Байгаль орчны хэдхэн сайдын гараар ороод дууссан гэдэг.
Г.Шийлэгдамбыг дархан цаазат газарт хууль бусаар газар олгосон сайд нарыг тэргүүлдэг гэдэг. 2007 онд тэрээр Зайсангийн хэмжээнд нийт 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосноос 50-ийг нь Зайсангийн аманд хувь хүнд өгч, тэр хэмжээгээр халаасаа түнтийлгэсэн гэх тоо баримт ч байдаг юм.
Ийнхүү намын дарга Н.Энхбаярыг баривчлах үед “Н.Энхбаярыг батлан даалтад гаргая” хөдөлгөөн байгуулж, даргадаа үнэнч байсан тэрээр намын ЕНБД-аар сонгогдох гэж байна. Улмаар дэд сайдын суудал ч сууж магадгүй талаар яригдаж байгаа билээ.
Б.Чимэг