Засгийн шинэ сайд нар ажлаа хүлээж аваад танилцах “аялалаа” хийж байна. Зарим нь ч аль хэдийн ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэвлэлийнхэнд үг дайж эхлэв. Н.Алтанхуяг анх удаа АН олонхи болсон тул олон шинэчлэл хийнэ гэж ярьж буй. Үүн лүгээ бусад “шинэков” сайдууд ч өөр өөрсдийн салбарын болохгүй, бүтэхгүй байгааг шүүмжилж байна. Энэ хэрээрээ ямар ажил хийхээ амлаж эхэллээ. Арай л В.Путин шиг “Улсын эдийн засаг хамгийн эгзэгтэй үед би ирлээ” гэж хэлсэнгүй. Өмнөх сайд нарын ажлыг “хангалтгүй” гэж дүгнэж байгаа зарим сайд нарын содон амлалтыг шинжицгээе. Сарын дараа, жилийн дараа, дөрвөн жилийн дараа энэ үгээр нь ам асуух юм шүү.
Н.Удвал: Өмнө нь Эрүүл мэндийн дэд сайд байсан Н.Удвалын ажлаа аваад хэлсэн анхны амлалт нь инээмсэглэлийн тухай байв. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг харилцааны соёлоос эхлэх ёстой. Эмч нар гэхээрээ ааштай, гар хардаг байдлыг халж, өвчтөнүүдээ инээмсэглэн угтдаг болгоно. Мөн манай эмч нар чадвар сайтай ч дайчилж ажиллахгүй байна. Эмнэлэгт очоод онш нь тодордоггүй, тодорхойгүй байдлыг хална” гэв.
Л.Гантөмөр: Хичээлийн шинэ жил эхлэх гээд бүхний нүд, хараа Боловсрол, шинжлэх ухааны сайд дээр тусч байна. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэх үү гэж эцэг, эхчүүдийн нүд Л.Гантөмөр сайдыг чиглээстэй байгаа. Харин тэрбээр өчигдөр нэгэн хэвлэлд сургалтын төлбөр нэмэхгүй гэж амласан хэрнээ 24 цагийн дараа “Сургалтын төлбөрийг 10 хувиас илүү нэмэхгүй” гэсэн байна. Түүний энэ амлалт шинэ сайдын чансааг удахгүй харуулна. Мөн тэрбээр “Одоогийн барьж байгаа үнэлгээний систем шинэчлэгдэнэ. Нэгээс гурав дугаар ангийн хүүхдүүд дунд олимпиад явуулдаг байдлыг хална. Зургаа, долоо, найман настай хүүхдүүдийг математикаар уралдуудна гэдэг хүний санаанд оромгүй зүйлийг хийгээд байна. Ингэж дарамтлах бус хүүхэд юм сурах эрмэлзэлтэй болох хүн болж боловсрох, зөв сууж хэвших бэлтгэл ажлыг хийнэ” гэж амласан байна.
Ц.Оюунгэрэл: Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сонгуулийн өмнө өөрийнх нь нэр хүндийг өсгөсөн «Тиранозаурус Батаар» үлэг гүрвэлийн ясыг Монголдоо авчрах ажлаа үргэлжлүүлэх юм. Тэрбээр энэ мэт түүхийн үнэт олдвороо гадагш алддаг байдлыг зогсоохоор ажлаа эхлүүлээд байна. “Үүх түүхийг нь сайн мэдэхгүйгээс хил дамнуулаад явуулчихсан олдворынхоо араас гэнэт ухаарсан мэт баахан арга хэмжээ авсан.Тиймээс цаашид соёлын өв гэж чухам юу болох, яаж хамгаалах талаар нэлээд дорвитой ажил хийнэ” хэмээн салбарын шинэ сайд ам алджээ.
Ц.Баярсайхан: Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы толгой дээр “орон сууцны үнэ” гэдэг том хар бул чулуу байна. Шинэ сайдаас энэ бул чулууг чаж жижигрүүлэх вэ гэж хүн бүр асууж байгаа. Харин тэрбээр Засгийн газрын зургаан хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлж, барилгын материалын хямд төсөр эх үүсвэр олох хэрэгтэй гэв. Мөн үнийг буулгахын тулд Орон сууцны тусгай банк байгуулна гэсэн саналыг дэмжиж байгаагаа хэлсэн юм. Орон сууцны үнэ буурах эсэх нь Ц.Баярсайхан сайдын ажлыг дүгнэх нь.
Х.Баттулга: ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга эргээд бүтээн
байгуулалтын салбарт ирсэн. Тэрбээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
болсноор дараах зүйлийг амлаж байна. “Хөдөө аж ахуйн яам их том
бүтэцтэй, үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд нэлээд эрчимжсэн Монгол
Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх яам. Энд ажиллахаар ирж байгаа гол
зорилго маань Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчилье. Экспортын
бүтээгдэхүүн өсөж байгаа хэдий ч үүний бараг 90 хувь нь эрдэс баялаг
байна. Тэгэхээр ганц хоёрхон бүтээгдэхүүн дээр тогтож байгаа энэ эдийн
засаг түүхий эд авч байгаа тал татгалзах л юм бол тэр чигээрээ унана
гэсэн үг. Үүнийг өөрчилж, Эрдэнэт шиг 2-3 үйлдвэр барьж, гадаадын олон
зах зээлтэй холбогдож байж манай эдийн засгийн хөгжил зөв тогтвортой
болно. Ийм л зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар ирлээ”
хэмээв.
Н.Алтанхуяг: Ерөнхий сайдын олон амлалтыг алийг тэр гэхэв. Хамгийн ойр байгааг нь ойндоо тогтоож авцгаая. Тэрбээр шинэ Засгийн газрын хамгийн эхэнд хийх ажил нь засгийн сайд нарыг “хүмүүжүүлэх” гэсэн билээ. Сайд нар амралтын өдөр илүү цагаар ажиллана, сард хоёроос илүү удаа гадаадад явахгүй байх зэрэг амлалтуудыг өгч байна. Энэ бол өмнөх, энэ удаагийн сайд нараас хамгийн содон амлалт болоод байна. Засгийн газрын хуралдааныг маргааш хийхээр төлөвлөсөн нь эдгээр амлалтынх нь эхнийх бололтой. Гэхдээ үүний цаана иргэдийн амьдралыг дээшлүүлэх том үүрэг ерөнхий сайдад байгаа юм шүү.

24tsag.mn