Халуун орны Айзек хар шуурга АНУ-г дайрахдаа ихээхэн хохирол учруулаад
зогссонгүй, шууд бус утгаар 66 иргэний аминд хүрсэн байна. Шуурганы
урсгалийг дагаж ирсэн шумуулууд иргэдэд үхлийн аюултай “Вест Найл” вирус
тараасан аж. Өчигдрийн байдлаар аймшигт вирус Вест найлаар 1590 хүн
халдварласан хэмээн тус улсын Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төв
мэдэгдсэн байна. Халдвар долоо хоногт дунджаар 40 хувиар өсч байгаа
гэнэ.

Уг вирус халдварласан 66 хүн нас барсныг тус төвийнхөн мөн мэдэгджээ. Мэргэжилтнүүд нас барагсдын тоо цаашид өснө гэдгийг ч сануулж байгаа аж. Халдвар тээгчдийн 889 буюу 56 хувь нь мененгит, саа, тархи нугасны өвчтэй иргэд байсан байна. АНУ-ын 48 муж улсад вирус тарсан бөгөөд халдварлагсдын 70 хувь нь Техас, Өмнөд Дакота, Миссиссиппи, Оклахома, Луисиана, Мичиган мужийн иргэд байжээ.

Халдварт вирус мэдрэлд хүрсэн тохиолдолд маш аюултай болдог аж. Ингэснээр өвчтөн комд орох, саажих, булчин сулрах зовиур илэрдэг байна. Уг вирусаар халдварласан 150 хүний нэгд нь вирус мэдрэлд нь хүрдэг байна.
Эрүүл мэндийн газрынхан ард иргэдийг биеэ сульдуулахгүй байж, бүрэн далдалсан хувцас өмсч, шумуулнаас янз бүрийн аргаар өөрийгөө хамгаалахыг зөвлөсөн байна. Ихэвчлэн халуун орны шуургатай хамт ирдэг вест найл вирусаар жил бүр хэдэн зуун иргэд нас бардаг байна. Эмч нар шумуулын улирал дуусах буюу 10 дугаар сар гарахад вирусийн халдварлал буурна гэж таамаглаж байна.
Д.Идэр