Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагч багш нарт хандаж сурагч байхдаа есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр гэж дуулах дуртай байснаа дурсаад одоогоос олон жилийн өмнө гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг ингээд зогсож байсан. Их сургуулиа төгсөөд багш болсон. Тиймээс би багш, сурагчид та бүхний нэг юм гэлээ.
Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг илэрхийлээд энэ бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухлыг онцоллоо.



Энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхантай уулзахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч Монгол төрийн музейтэй танилцаж, Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой болсон. Монголчууд бид төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Залуучууд та нар Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, их түүхээ мэдэж, түүгээр бахархаж, омогшиж явах учиртай юм. Ийм агуу түүхтэй улс орны минь ирээдүй та бүхний гарт бий. Тиймээс өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, хөдөлмөрлөх учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төгсөх ангийнханд зөвлөлөө.
Нийслэлийн 44 дүгээр сургуульд энэ жил 2200 хүүхэд суралцахаас 225 нь зургаан настай, сургуулийн босгоор анх алхаж байгаа бяцхан сурагчид, харин 148 нь ирэх хавар сургуулиа төгсөх хүүхдүүд юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанас мэдээллээ.