УИХ-ын 29 тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан 75 хүнд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардууллаа. Үнэмлэхээ гардсан гишүүд Анхдугаар чуулганаар тангараг өргөснөөр 2020-2024 оны УИХ албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх юм.
Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст түр үнэмлэх олгох заалттай байв.
Харин өмнөх парламентаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 74.3-т "Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ" хэмээн заасан юм.
Үүгээр сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг гардуулсан гэсэн үг.
Улмаар Ерөнхийлөгч зарлигийн дагуу хуралдуулах Анхдугаар чуулганаар УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардсан эрхмүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь албан ёсоор баталгаажих учиртай.
Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулах хуулийн заалттай.
Ингэхдээ УИХ-д хамгийн олон суудал авсан намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы өдрийг товлох юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зөвшилцлийн үр дүнд Анхдугаар чуулганы тов тодорч, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардсан нэр дэвшигчид тангарах өргөх нь.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Анхдугаар чуулганыг энэ долоо хоногт багтаан хуралдуулах мэдээлэл байна.
Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчээс нэг хүн буюу Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад үнэмлэхийг нь гардуулаагүй юм. Түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хориод байгаа билээ.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (2)