Шүүх байгууллага үйл ажиллагаагаа шударга явуулж чадахгүй байгаа талаарх шүүмжлэл олон нийтийн дунд их бий. Мөн энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл суларсныг АТГ-аас жил бүр гаргадаг судалгаа харуулдаг. Үүнтэй холбогдуулан Шүүхийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар өнгөрсөн парламентад гишүүд өргөн барьсан ч хэлэлцэгдэж амжаагүй юм. Шинэ парламентын эхэнд хэлэлцэх чухал асуудлын нэг нь Шүүхийн багц хууль болж байна.
Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Шүүхийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Харин дээрх хуулийн төсөлд тусгасан байр сууриудыг нэгтгэн дундын хувилбар гаргаж ирэхээр болсон бөгөөд өчигдөр хуулийн төсөлтэй холбоотойгоор Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Дээрх хуулийн төслүүдийн онцлох заалтуудыг цувралаар хүргэж байна.
Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийн онцлох заалтууд:
- Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх, үүний гуравыг нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос, нэгийг Ерөнхийлөгчөөс, нэг гишүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, таван гишүүнийг Шүүгчдийн зөвлөлөөс сонгох, эдгээрийн таван гишүүн нь орон тооны, үлдсэн тав нь орон тооны бус гишүүн байх зохицуулалтыг тусгасан байна. Ажлын хэсгийн түвшинд нийт гишүүдийг орон тооны болгох, таван гишүүнийг Шүүгчдийн зөвлөл сонгох, Улсын Их Хурлаас таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог байх саналыг гаргажээ.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг дотроосоо, олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэдэг байх.
- Шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авч, үнэлгээ өгөх, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэн шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, дүгнэлт гаргах эрх бүхий Шүүхийн мэргэшлийн хороо байгуулах, тус хороо нь есөн гишүүнтэй байх.
- Түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл оногдуулах эрх бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах, тус хороо нь 9 гишүүнтэй байхаар төслийн зохицуулалт хийжээ.
Шүүгчдийн зөвлөлийн талаар, шүүгчид тавих болзол, шаардлагын талаар, шүүгчийг томилох, сонгох зохицуулалт
- Анхан болон давж заалдах шатны шүүгчийг сонгохдоо шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, хуульд заасан шаардлагад нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл ил санал хураалтаар шийдвэрлэж, энэ шийдвэрээ ажлын 5 өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ, Ерөнхийлөгч 14 хоногийг дотор томилох.
- Хяналтын шатны шүүхийн шүүгчийг шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, хуульд заасан шаардлагад нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөл ил санал хураалтаар шийдвэрлэж, энэ шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилох.
- Ерөнхий шүүгчийг томилохдоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаатайгаар Ерөнхийлөгч томилох бол бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар, нэг удаа улируулах эрхтэйгээр сонгох.
Шүүгчийг томилохоос татгалзах, шүүхийн тогтолцоо, Улсын дээд шүүхийн талаар, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр төсөлд тусгасан зохицуулалтууд:
- Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойших хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
- Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
Б.Батчимэг