Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Тээврийн хэрэгслийн азын дугаарыг тусгай зориулалтын автомашинуудад олгох шийдвэрийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Дэмжих нь ч байна, шүүмжлэх нь ч байна. Үнэхээр үнэ хүрэх боломжтой азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж төсөвт нэмэр болж болох байсан гэх санал олон нийтийн сүлжээгээр нэлээд явлаа. Үнэхээр дуудлага худалдаагаар борлуулахад болохгүй байх шалтгаан байв уу? Энэ шийдвэрийн гол зорилго ер нь юу юм бэ?
-Одоо миний ширээн дээр АТГ-аас ирүүлсэн бичиг байж байна. Дугаар олголттой холбоотой сүүлийн хэдэн сард гэхэд хоёр мянга гаруй зөрчил илэрсэн талаарх бичиг. Ер нь манай салбарт тээврийн хэрэгслийн дугаар олголт, тэр дундаа азын дугаар олголттой холбоотой олон зөрчил дутагдал гардаг. Хуулийн байгууллагынхан өнгөрсөн хугацаанд дугаар олголт хийдэг байгууллагуудад шалгалт хийсэн. Төрийн олон албан хаагч зөрчил, дутагдал гаргаж, зарим нь хэрэгт холбогдсон байна. Гэхдээ нэг удаа биш, хэд хэдэн удаагийн зөрчил дутагдал илэрсэн. Саяхан гэхэд Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газрын дарга хоригдоод гарсан. Асуудалтай холбоотой мэргэжилтнүүд одоог хүртэл шалгагдаж байна. Өмнө нь ч бас ийм асуудлууд гарч байлаа. Ажлыг нь ил тод болгох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохицуулалт шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар холбогдох хууль, хүчний байгууллагуудтай уулзсан. Ажлыг ил тод байлгах, авлигаас сэргийлэх олон арга байдаг л даа. Хамгийн сайн арга нь технологийн шийдэл хийх. Хоёр дахь нь төрийн өмчийг дуудлага худалдаагаар худалдах арга. Дуудлага худалдаа явуулах ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтарч хийхээр хэд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Гэвч манайд хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй юм билээ. Тиймээс эрэлттэй, үнэд хүрэх боломжтой дугааруудыг тусгай зориулалтын хэрэгцээний тээврийн хэрэгслүүдэд олгодог олон улсын туршлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Жишээлбэл, азын дугааруудыг хувь хүн, албан байгууллага гэхээс илүү нийтийн үйлчилгээний буюу түргэн тусламж, онцгой байдал, үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд олгоно. Техникийн шийдэл болоод эрх зүйн орчныг бүрдүүлж амжаагүй учраас тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд азын дугаар олгох шийдвэр гаргах нь зөв гэж үзсэн. Ер нь дугаар олголттой холбоотой зөрчил нь хувь хүний алдаагаар дуусахгүй, нийт зам тээврийн салбарт муугаар нөлөөлж байна. Дугаар олголтоос гадна С зөвшөөрөл, замын тендерийн сонгон шалгаруулалт зэрэг асуудлаас болж зам, тээврийн салбар авлигын индексээр нэлээн доогуур үзүүлэлттэй гардаг болчихсон. Тиймээс эхний ээлжид ийм аргыг хэрэглэе гэж шийдсэн. Техникийн шийдэл болоод эрх зүйн орчныг бий болгосны дараа энэ шийдвэрийг өөрчилж болно. Энэ удаагийн шийдвэр бол уян хатан шийдвэр.
-Өмнө нь олгосон азын дугааруудыг хэрхэн зохицуулах вэ?
-Ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр зохицуулж байгаа. Шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мэдэгдэнэ. Үүнээс гадна хүмүүс гар утасны дугаар шиг задгай худалдаалах нөхцөлийг яагаад бүрдүүлдэггүй юм бэ гэж асууж байна лээ. Гар утасны дугаар, тээврийн хэрэгслийн дугаар хоёр өөр ойлголт. Гар утасны дугаарыг эзэнд нь олгодог. Харин тээврийн хэрэгслийн дугаарыг тухайн тээврийн хэрэгсэлд л олгодог. Тиймээс гар утасны дугаар шиг худалдаалж болохгүй.
-Азын дугаар гэхээр зөвхөн дөрвөн ижил оронтой тоо байх уу. Эсвэл хоёр тооноос бүрдсэн дугаар, жишээлбэл, 0011 азын дугаарт орох уу?
-Шинэ сери задрахад үнэд хүрж болохуйц 310-320 дугаар байдаг. Үүнийг л азын дугаар гээд хэлээд хэвшчихсэн.
-Дугаар олголтын “бизнес”-ийг ингээд зохицуулчихлаа. Тэгвэл ачаа тээврийн автомашинд олгодог С зөвшөөрөл, замын тендерийн сонгон шалгаруулалтын будилааныг ямар зохицуулалтаар хаах вэ?
-Хил дамнаж тээвэрлэлт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл олгодог. Энэ зөвшөөрлийн олголттой холбоотой мөн л маш их хэл ам гарч байдаг. Мөн л энэ зөвшөөрлийг олгодог хүмүүс хуулийн байгууллагынханд шалгагдаж байсан. Асуудал байдаг. Өнгөрсөн хугацаанд АТҮТ-тэй хамтарч тээвэрлэлт хийж байгаа 213 нэгжид хяналт, шалгалт хийсэн. С зөвшөөрөл эзэмших тээврийн хэрэгслийн компаниуд ямар шаардлага хангах вэ гэдэг үзүүлэлт гаргасан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлт 213 аж ахуйн нэгж тээвэрлэлт хийж байгаа. Үүний 52 нь шалгалтад хамрагдаагүй. Шалгалтад хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл, тээвэрлэлтийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг 30 гаруй үзүүлэлтээр шалгаж, бага, дунд, их эрсдэлтэй гэж үнэлсэн. Бага, дунд эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдэд олон улсын тээвэрлэлт хийх зөвшөөрөл өгнө. Харин их эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдэд эрсдэлээ арилгах тодорхой хугацаат үүрэг өгсөн. Ингэхгүй бол техникийн аюулгүй байдал хангаагүйгээс болж осол аваар гаргаж, хүний амь эрсдэж байна. Бусдадаа саад учруулж байна. Энэ мэт олон зөрчил байгаа учраас үзлэгийн түвшингээр нь С зөвшөөрлийн олголтыг авч үзэх зөв гэж харж байгаа.
-Харин замын тендерийн талаар ямар арга хэмжээ авах вэ. Дарханы зам гэхэд л тендерийн шалгаруулалтаас болоод ажил нь удааширсан гэсэн ойлголт байгаа?
-Дарханы замын ажлын тендер шалгаруулалт будлиантай болсон гэсэн дүгнэлт ямар нэгэн байдлаар гараагүй. Сонгон шалгаруулалтыг хийхдээ хамгийн бага үнийг хэн санал болгов гэдгийг түлхүү авч үздэг. Дарханы замыг таван хэсэгт хуваасан. Хэсэг бүрд хяналтын багцын тооцоолол гаргадаг. Энэ нь эхлээд хэр их хөрөнгөөр энэ ажлыг босгох вэ гэсэн тооцоолол. Харин Дарханы замын хоёр, дөрөвдүгээр хэсэг дээр үнийн саналаа хамгийн багаар санал болгосон Хятадын хоёр компанийг шалгаруулсан. Тэдний санал нь хяналтын тооцооллоос доогуур байсан юм билээ. Энэ нь л Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд ихээхэн садаа болж байна гэж хараад байна. Сонгон шалгаруулалтын дүрэм, журмыг баримталж үнэлгээ хийсэн ажилтнуудад буруу өгөх аргагүй. Аль болох бага үнээр их бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж байгаа нь буруу биш. Харин цаашид хамгийн бага үнийн санал өгсөн аж ахуйн нэгжийг шалгаруулна гэдэг үзүүлэлтийг бодолцож, хяналтын тооцооллын үнэтэй жишиж үнэлж байхгүй бол цаашдаа бүтээн байгуулалтын ажлууд нэлээд түгжрэхээр байна.
-Дарханы замын бүтээн байгуулалт нэлээд сунжрах нь тодорхой болчихлоо. Харин бусад аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажил хэр байгаа вэ. Одоо хатуу хучилттай замаар холбогдоогүй ганцхан аймаг л байгаа билүү?
-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох ажил хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хоёр л аймаг хатуу хучилттай замаар холбогдох дутуу үлдсэн. Үлдсэн хоёр аймаг хатуу хучилттай замаар холбогдох хугацаа тун ойртсон. Баянхонгор, Говь-Алтай чиглэлийн 126 км авто зам байна. Энэ ажлыг барьж, шилжүүлэх нөхцөлөөр хувийн хэвшлийн компани гүйцэтгэж байна. Одоогоор 110 км орчим замыг хуччихсан байна. Аравдугаар сарын 10 гэхэд хөдөлгөөнийг нээх хэмжээнд ажил хийхээр төлөвлөсөн. Замын хөвөө, тэмдэглэгээ гээд үлдэж байгаа ажлууд бас байгаа.
Нөгөө нь Завханы зам байна. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замыг Хятадын зээлээр барьсан. Улиастай хүртэл 67 км нь техникийн маш хүндрэлтэй зам. Энэ жил цар тахалтай холбоотойгоор инженер техникийн ажилтнууд нь орж ирж чадахгүй байгаатай холбоотойгоор хугацаа хойшилж байна. Бидний тооцоолж байгаагаар аравдугаар сарын 15 гэхэд хөдөлгөөнийг нээчих байх. Ингэчихвэл Монголын бүх аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоно.
-Сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан билүү?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой том төсөл байгаа. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт “Нутгийн зам” гэсэн хэсэг орсон. “Нутгийн зам” төслийн хүрээнд төв магистраль хатуу хучилттай замд ойрхон сум, аймгийн төвүүдийг холбохоор төлөвлөсөн. Ингэхдээ хүн амын нягтаршил, эдийн засаг болоод бусад салбарт үзүүлэх нөлөөллийг тооцоолж боломжит суурин газруудыг хатуу хучилттай замаар холбох юм. Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 40 гаруй сум суурин газрыг аймгийн төвтэй холбох ажил хийхээр төлөвлөсөн.
-Сүхбаатар аймагт энэ хөтөлбөрийн хүрээнд барих ямар зам байгаа вэ? Таныг Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дэд даргын хувьд энэ талаар бас сонирхъё.
-Баруун-Урт-60-ийн овоо чиглэлийн зам энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэнэ. Баруун-Уртаас цааш Дарьганга чиглэлийн таван сум байна. Наран, Онгон Дарьганга, Баяндэлгэр, Халзан гэсэн таван сум. Эдгээр сум нь хүн амын суурьшил хийгээд эдийн засгийн агуулгаараа нэлээд ач холбогдолтой. Энэ чиглэлийн Баруун-Урттай хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байнаа. Ингэснээр эдийн засгийн үр ашгаас гадна Дарьганга чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр сумыг хатуу хучилттай замаар холбосноор зөвхөн дотоодын бус гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойгоороо ач холбогдолтой юм. Баруун-Урт-60-ийн овоо чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг дуусгачихвал Сүхбаатар аймгийн аялал жуулчлал, эдийн засгийн салбарт маш том боломж нээгдэнэ. Дарьгангын нутаг үзэсгэлэнт байгальтайгаас гадна үлгэр домгийн маш их баялаг түүхтэй. Зам тавьснаар энэ бүс нутгуудаа аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж байна. 60-ын овоо чиглэлийн авто замыг аймгийн төвтэй холбочихвол цаана байгаа сумдад хүрэхэд нэлээд дөхөм болно.
-Сүхбаатарынхан төдийгүй зүүн бүсийн аймгуудын иргэдийн хамгийн их сонирхож байгаа бүтээн байгуулалт бол босоо тэнхлэгийн төмөр зам. Энэ төмөр замтай болсноор Сүхбаатар аймагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Сүхбаатар аймгийг зүүн бүсийн хөгжлийн төв болгоно гэж ярьдаг. Эдийн засгийн агуулгаараа чадамж өндөртэй аймаг. Сүхбаатар хөгжлийн загварын жишиг аймаг болон хөгжих бололцоотой. Улс хоорондын төмөр замын сүлжээ байгуулах гурван чиглэл байдаг. ОХУ-аас санаачилсан эдийн засгийн коридор байна. Нөгөө нь Хятадын талаас гаргасан Бүс ба зам санаачилга байна. Монголын талаас Талын зам гэсэн санаачилгуудыг гаргаж, өндөр хэмжээний уулзалтуудын үеэр ярилцдаг.
Эдийн засгийн коридор төслийн зүүн бүсийн чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам байна. ОХУ-аас Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт- Рашаант гээд гурван улс дамнаж орсон төмөр замын зүүн коридор байна. Энэ чиглэл бол Сүхбаатар аймгаас дайран өнгөрч байгаа юм. Зүүн босоо тэнхлэгийн зам улс хоорондын транзит ачаа тээврийг хөгжүүлэх гарц гэж харж байгаа. Хятад, ОХУ хоёрын Монгол Улс транзит тээвэрт Монгол Улс хэрхэн оролцох вэ гэдэг нь Монголын талын бодлого болно. Хамгийн түрүүнд бид хоёр хөршийн транзит тээврийг ашиглаж, эдийн засгийн гол тулгуур нүүрсээ олон улсын зах зээлд гаргах нь зөв. Тавантолгой-Зүүнбаян болон Сайншандаас Сүхбаатар аймгийн Баруун-Уртаар дамжуулж Хөөт чиглэлд төмөр замд холбох хэрэгтэй. Ингэснээр бид Зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа холбож байгаа юм. Энэ бол монголчуудын олон улсын зах зээлд гарах том бүтээн байгуулалт. Монгол Улсад нэмүү өртөг шингээх бүтээн байгуулалт болох юм. Одоо Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын ажил эхэлж байгаа.
Түүнчлэн ийм дэд бүтэцтэй болсноор Монгол Улс үндэсний мэргэжилтнээ бэлтгэнэ. Ажлын байр нэмэгдэнэ. 1000 км төмөр барихад 10 мянган ажлын байр бий болно гэж тооцдог. Энэ агуулгаар Сайншанд, Баруун-Урт, Хөөт чиглэлийн төмөр зам нь олон улсын интеграцад орж буй томоохон байгуулалт юм. Энэ бол сүхбаатарчуудад хүн хүчний болоод эдийн засгийн эргэлт авчирна. Одоо байгаа хатуу хучилттай авто зам бол маш өндөр чанартай баригдсан зам. АХБ-ны санхүүжилтээр барьж байсан. Улс хоорондын зам болсон. Тиймээс улс хоорондын зам болно гэж тооцоолсон учраас Хэнтийгээс Баруун-Урт хүртэл чанарын өндөр түвшинд барьсан. Хэдийгээр гуравдугаар зэрэглэлийн зам ч гэлээ олон улсын замын чанарт нийцсэн юм шүү. Баруун-Уртын замыг анх барихад төлөвлөсөн өртгөндөө багтаагүй. 50 орчим тэрбум төгрөг нэмж төсөвлөж байж олон улсын замын чанарын шаардлагад нийцүүлсэн. Төмөр замтай болсноор бид Хятадын тал руу төмөр зам болон авто замаар холбогдож байгаа юм.
Уул уурхайтай холбоотой том маргаан бол тээвэрлэлт байдаг. Тээвэрлэлтээс шалтгаалж тоос шороо босож, мал, амьтны бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа. Баруун-Уртаас Бичигт хүртэл хатуу хучилттай замыг концессоор бариулахаар төлөвлөсөн байсан. Харамсалтай нь одоогоор концессоор барих аж ахуйн нэгж гараагүй байна. Хувьдаа АХБ руу дахин хандсан байгаа. Өмнө нь АХБ-ны санхүүжилтээр барих чиглэлээр хийсэн судалгаа байдаг.
Баруун-Урт-Бичигтийн 277 км авто зам болон төмөр замаа баривал Сүхбаатар төмөр зам, авто замыг холбосон тээвэр логистикийн томоохон төв болох боломжтой. Эдийн засгийн хөгжлийн томоохон түлхэц болох ёстой. Нөгөө талаар хил орчимд авто замаар ч, төмөр замаар ч экспорт хийх боломжтой болж байгаа юм.
Үүнээс гадна боомтын хөгжлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхээр төлөвлөж байна. Боомтоо түшиглээд цахилгаан станцуудын түлдэг нүүрсний анхан шатны боловсруулалтыг хийж болно. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байгаа юм. Ингэвэл ажиллах хүчин, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ч бүрдсэн тээвэр логистикийн төв болох юм. Сүхбаатар аймаг бол эдийн засгийн загвар болох боломжтой.
Монголын хилийн боомтуудаас далайн боомтод хамгийн ойр нь Бичигт. Бичигтийн цаана Жин жоу гэсэн далайн боомт бий. Өөрөөр хэлбэл, экспортын бүтээгдэхүүнийг далайн гарцад хүргэх хамгийн боломжит боомт нь Бичигт. Тиймээс олон талын тээвэрлэлтийг бодсон ч Сүхбаатар аймгийн Бичигт боомт хамгийн өрсөлдөх чадвартай юм.
-Танай намын мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нэлээд зүйл тусгасан байсан. Сүхбаатар аймгийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэхэд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Манай аймгийн хувьд эдийн засгийн нөлөө үзүүлэхүйц салбар бол яах аргагүй хөдөө аж ахуйн салбар юм. Нэгдүгээрт, малын бэлчээрийн хамгийн тохиромжтой газар зүйн байрлалтай. Хоёрдугаарт, малын тоо толгойг өсгөхөд байгаль, цаг уурын хамгийн таатай нөхцөлтэй. Тиймээс аймгийн хувьд хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн зарчмыг баримтлах ёстой. Нэгдүгээрт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортлох чиглэл рүү явах ёстой. Нэн тэргүүнд харагдаж байгаа боломж нь махны экспорт юм. Мах боловсруулах үйлдвэрийг аймагтаа бий болгох, хил орчимд махны экспортыг дэмжих эрх зүйн болон эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бид Хятад эсвэл Орос улстай экспортын олон талт хамтын ажиллагааг хангасан үйлдвэрүүдийг бий болгох нь мал аж ахуйн салбарыг дэмжихэд томоохон түлхэц болно. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд туссан, намын мөрийн хөтөлбөрт томоохон орон зай эзэлж байгаа Дархан-Уул аймаг дахь мал, малын түүхий эд боловсруулах цогцолборын ажил эхэлчихсэн явж байна. Энэ цогцолбор цаашид манай аймгийн мал аж ахуйн салбарын хөгжилд түлхэц болох болов уу. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн тээвэр логистикийн томоохон төв байгуулж чадвал мал аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх боломж гарна. Мөн малыг эрүүлжүүлэх ажлыг аймагтаа эрчимтэй зохион байгуулах шаардлага бий. Тодруулбал, манай улсын бүх л бүс нутагт мал аж ахуй хөгжсөн. Хоорондоо өрсөлдөхүйц хэмжээгээр малын тоо толгой нь өсөж байна. Тиймээс малаа эрүүл байлгаж, олон улсын стандартад нийцсэн мах бэлтгэж чадаж байгаа нь өрсөлдөөнд ялагч болно. Ялагч болох магадлалтай аймаг нь яах аргагүй манай аймаг. Тийм учраас, манай аймаг малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах цаашлаад экспортлох чиглэл рүү яаралтай алхах хэрэгтэй. Үнэд оруулах, үнэтэй байлгах гэдэг бол нэг талын асуудал харин яаж үнэ цэнтэй байлгах вэ гэдэгт төлөвлөгөө, тооцоо, судалгаатай хандах цаг болсон. Үүнд мал аж ахуйн хүрээлэн, хилийн чанадад байгаа мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой газрууд, тэдгээртэй хамтран ажиллах судалгаатай уялдуулах хэрэгтэй. Ер нь малаа эрүүлжүүлэхгүйгээр бид олон улсын зах зээлд өрсөлдөж чадахгүй. Тиймээс мал эмнэлгийн салбараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргах шаардлага тулгарна. Энэ асуудлыг шийдсэнээр өрсөлдөх чадварын хамгийн дээд цэгт хүрч чадна. Бид байгаа юм аа хараад байна. Мал нь харагдаад байдаг. Мах харагдаад байдаг. Гэвч үнэ цэн бий болгож чадахгүй байна гэдэг нь бид өрсөлдөх чадваргүй байна гэсэн үг. Яаж бид үүнийг үнэ цэнтэй болгох вэ гэдгээ л бодох ёстой. Үүний тулд махны гарцыг яаж сайжруулах, ноос ноолуурыг нь яаж сайжруулах вэ гэдгийг нэн түрүүнд тодорхой, төлөвлөгөө зорилттой гаргаж ирвэл өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой аймгийн нэг.
-Хэрэв малын эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадвал төрөлжүүлээд, чиглэлээр нь хөгжүүлэх боломж бий. Тухайлбал, Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагаан сумын илүү нугаламт хонь гэх мэт.
-Тийм. Түүнээс гадна аймагтаа мал эмнэлгийн сургуулийг байгуулах боломжтой. Үүнийг нь орон нутаг бүх боломжоороо дэмжээд явах хэрэгтэй. Жишээлбэл, манай аймагт Цайртын том уурхай үйл ажиллагаа явуулж байна. Уурайн удирдлагуудад аймаг, орон нутгаас “Мал эмнэлгийн сургууль байгуулаад өгчих. Бид өмчлөхгүй. Танай өмчид байж байг” гэдэг санал тавьж болно. Сурууль, оюутны байр, багш нарын байраа бариад өгчих, өмч нь танай уурхайд байг. Харин нутаг орондоо хөдөө аж ахуйн чиглэлийн сайн мэргэжилтнүүд бэлддэг болъё гэхэд болох л зүйл. Багш, мэргэжилтнүүдэд өндөр цалин өгөөд, орон сууцаар хангаад урьж ажиллуулж болно. Ингэснээр Цайртын уурхайгаас хэд дахин их нэмүү өртгийг олох боломж сүхбаатарчуудад байна. Яг ийм жишээ Коста-Рика Улсад байдаг. Энэ улс 3.5 сая хүн амтай. Коста-Рика яасан бэ гэхээр, 1990 оны дундуур мэдээллийн технологийн салбар нэлээд гүнзгий түвшинд очиж байсан. Энэ үед Ерөнхий сайд нь улсдаа Мэдээллийн технологийн олон улсын сургууль байгуулсан байдаг. Багш нарыг нь Энэтхэг Улсаас авчирч, Азийн хөгжлийн банкнаас зээл авч багш нараа цалинжуулж байсан. Ингээд Коста-Рикачуудаа сургасан юм. Орчин үеийн мэдээллийн технологийн инженерүүдийг эх орондоо бэлтгэсэн. Таван жилийн дараа Коста-Рика “IT”-ын мянга мянган мэргэжилтэн, боловсон хүчинтэй болсон. Хүний хүчийг дагаад үйлдвэрлэл нь өөрөө ирдэг юм байна. “Microsoft” өөрийн үйлдвэрээ тэнд бий болгочихсон. “HP”, “IBM” очоод үйлдвэрээ байгуулсан. Яагаад гэвэл, тэнд ажиллах хүч нь бий. Гаднын хөрөнгө оруулалтыг хүн амдаа боловсрол олгох замаар татсан жишээ бол энэ. Үүнийгээ түшиглээд аялал жуулчлалын хамгийн том улс болсон.
-Яаж?
-Аялал жуулчлалын мэдээллийг веб сайтаас хайсан хүмүүст Коста-Рикагийн мэдээлэл хамгийн олон харагддаг байсан. Коста-Рикагийн сайтууд руу орохоор дийлэнх нь аялал жуулчлалын хуудаснууд байдаг. Аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн орон бол Косто-Рика. Үүнтэй адил замаар манай аймаг хөгжиж болно. Мал аж ахуйгаа бид энэ хөгжлийн загвараар хөгжүүлэх боломжтой. Эрдэм шинжилгээ, мал эрүүлжүүлэх, махны гарцыг сайжруулахтай холбоотой олон ажил хийснээр ажлын байртай болно. Маш их нэмүү өртөг бий болно. Ер нь бизнес гэдэг хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл юм. Тиймээс эдгээр зүйлсийг аймагтаа хийх нэн тэргүүний шаардлага байна. Тэнд хүмүүс сураг. Бусад аймаг, сумын залуучууд тэнд ирэг. Энэ зөвхөн сургалтын тухай асуудал огт биш. Хүн ам зүйн бодлоготой бас холбоотой. Тэнд шинэ суурьшил бий болно. Ингэж бид тэлэх ёстой. Хэрэгцээтэй зах зээл дээр хэрэгцээтэй суурийг нь бий болгох хэрэгтэй. Ингэснээр бид чадварлаг боловсон хүчин, хүн ам зүйн зөв бодлогыг давхар шийднэ. Нэг салбарыг дэмжсэнээр бусад салбартаа наалдацтайгаар хөгждөг. Энэ бүхнийг бодож, тооцоолж бодлого боловсруулах ёстой.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (9)