Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Мөн Замын-Үүд авто замын боомтоор 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа ба авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийж байна. Энэ ажиллагааг зохион байгуулах тусгайлсан системээр ажиллах бүрэлдэхүүн хоёр хоногийн дараа очиж ажиллана. Замын-Үүдэд байгаа хоосон чингэлгүүдэд ариутгал хийн өдөрт 20-35 чингэлэг буцааж байгаа. Мөн овор ихтэй ачаа барааг оруулж ирэх талаар нөгөө талтай хэлэлцэн, уулзалт зохион байгуулсан бөгөөд авто тээвэр, төмөр зам, чингэлгийн тээвэр гэсэн гурван төрлөөр ангилан оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тээвэр зуучийн төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийж хэрхэн хамтрах чиглэлээ тодорхой болголоо. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Эрээнд Нээлттэй платформын хөгжүүлэлт хийгдэж байна. Удахгүй Монгол Улсад хэрэгжүүлнэ. Тэгэхээр захиалж байгаа иргэн, ААН ямар газраар дамжуулж, ямар үнээр авчруулж буй талаарх мэдээлэл ил болно. Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоогоор нийт 1460 чингэлэг ачаа бараа татаад байна. Булганы боомтын тээвэр нэлээн өсөлттэй байгаа хэдий ч энэ нь өдөрт гарч байгаа нүүрсний 120 орчим тээврийн хэрэгсэл юм. Өнгөрсөн сарын 28-наас эхлэн төмөр замын тээврийг эхлүүлсэн ба зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаж байна. Өдөрт нэг галт тэрэг явж байгаа буюу 50 вагон. Эхний ээлжинд төмөр замд гарсан, ачигдсан барааг гаргах талаар ярилцаж байна. Одоогоор нүүрстэй 1200 гаруй вагон, төмрийн хүдэртэй 700 гаруй вагон, 100 гаруй вагон зэсийн баяжмалтай хүлээгдэж байна" гэв.