Улсын хэмжээнд өчигдөр буюу тавдугаар сарын 10-д объектын галт түймрийн есөн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу гарсан галуудыг 5 минутаас 12 цагийн хугацаанд ажиллаж унтраажээ.
Тухайлбал Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Шар бүрд” гэдэг газарт байшин шатсан тухай мэдээлэл 13:47 цагт иржээ. Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин М-ын эзэмшлийн 13х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 12 цаг ажиллан бүрэн унтрааж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.
Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 10:36 цагт хүлээн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:43 цагт очиход гутлын үйлдвэрийн 20х10 метрийн хэмжээтэй байшингийн, 4х4 метрийн хэмжээтэй өрөөнд үйлдвэрийн хаягдал /арьс, шир/ шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан байна.