Улсын онцгой комисс III хуралдаанаа 2025.08.11-ны өдөр Төрийн ордонд хийлээ. Хуралдаанаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэл хийлээ.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв болон Баруун бүсэд тохиож буй гангийн нөхцөл байдлаас шалтгаалан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, хөдөлмөрчдийг хадлан тэжээл бэлтгэлээ эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэх арга авч ажиллахыг уриаллаа. Энэ жил улсын хэмжээнд гангийн эрсдэлийн үнэлгээг эрт гаргаж, 2025.07.25-ны өдөр өвөлжилт, хаваржилтын эрсдэлийн дүн шинжилгээг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн отрын бүсийн тооцоолол, хадлан тэжээл бэлтгэлийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Тэрбээр “Энэ жил Баруун бүсийн дөрвөн аймаг, Төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарсан. Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар, тариалангийн гол бүс нутгуудад ургац алдах, нөхцөл байдал үүссэн. Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд улсын ургацын урьдчилсан баланс гарна. Тэжээлийн дутагдал үүсэх магадлалтай.
Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна. Салбарын яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна. Улсын чанартай 9 отрын бүс нутагт 1 сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Аж ахуйн нэгжүүдээс импортын хүчитгэсэн тэжээлийн үнийн судалгаа авч эхэлсэн” гэдэг мэдээлэл өглөө.