The (Columbia) State болон (Hilton Head) Island Packet сонинуудын ахлах сургуулийн спортын хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг Лу Бежак гэх эрхмийн "The State" гэх вебсайт дээр Ш.Энхийн-Одын тухай бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Лу Бежакийн хувьд өмнө нь "Florence Morning News" сонинд ажиллаж байсан бөгөөд 2002 оноос эхлэн Өмнөд Каролина мужийн ахлах сургуулийн спортын мэдээг хариуцан ажиллаж байгаа туршлагатай сэтгүүлч юм. Лу нь АНУ-ын Үндэсний Спортын Мэдээллийн Холбооноос хоёр удаа “Өмнөд Каролина мужийн оны шилдэг спортын сэтгүүлч”-ээр нэрлэгдсэн байдаг.
Ш.Энхийн-Од бол Монголд нэр хүндтэй нэгэн. АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургууль түүний тоглолтоос их зүйлсийг хүлээж байгаа нь дамжиггүй. Түүний аавыг “Монгол Акул” гэж хочилдог бол Ш.Энхийн-Од “Mongolian Mike” нэрээрээ танигдаж яваа.
Түүний инстаграмм хаяг нь "MongolianMike" бөгөөд Өмнөд Каролинагийн цахим сүлжээний баг түүний хочийг ашиглан хөгжилтэй контент ч хийгээд амжсан. Тэд түүний бэлтгэлийнхээ үеэр хийсэн цагираг дээрээс 360 градусын эргэлттнэй довтолж буй бичлэгийг “Түүний нэр Майк, тэр Монгол хүн” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.
Энхийн-Од бол NCAA-ийн Дивизион I-д тэтгэлэг авсан анхны Монгол улсын иргэн гэдгээрээ Монголд үнэхээр онцгой байр суурь эзэлдэг. Улаанбаатарт түүнд зориулсан ханын зураг болон сагсан бөмбөгийн талбай хүртэл бий. АНУ-д төрсөн ч тэрбээр 12 нас хүртлээ Монголд амьдарч, дараа нь сагсан бөмбөгийн мөрөөдлөө хөөж АНУ-д эргэн ирсэн. Энхийн-Од багаасаа сагсанбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд түүний аав Шаравжамц нь 213 см өндөртэй, Харлем Глобтроттерс багт тоглосон анхны Ази тоглогч байв. Түүний өвөө ч мөн Монголын үндэсний шигшээ багийн тамирчин байсан.
Sports Illustrated сэтгүүлд 2001 онд бичсэнээр, түүний аавыг тухайн үед 27 настай байхад нь LSU-ийн ахлах дасгалжуулагч асан Дэйл Браун Монголд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн дээр олж харсан байна. “Түүнд гайхалтай өгөгдөл, ур чадвар бий. Би түүнийг шууд л Дивизион I түвшний тоглогч гэж бодсон” гэж Браун ярьж байжээ.
Майк энэ улиралд USC-ийн төлөө тоглохдоо цагаргин дээрээс довтлох тоогоо нэмэгдүүлж, биеийн бие бялдраа хөгжүүлэх зорилготой. Тэр №55 дугаартай тоглох бөгөөд энэ нь түүний коллежийн карьерын дөрөв дэх болон сүүлчийн жил байх юм. Өмнө нь тэр Дэйтон (2022-23), Сан Франциско (2023-24) болон Ютагийн их сургууль (2024-25)-д тоглож байсан.
2024-25 улиралд тэр дунджаар 7.2 оноо, 3.4 самбар, 2.8 дамжуулалт хийжээ. Тэр 4-р сард шилжих хүсэлтээ гаргаад хоёр долоо хоногийн дараа USC-д элссэн. “Эндхийн тоглолтын хэв маяг, дасгалжуулагчийн баг надад маш сайн таарна гэж бодсон” гэж Энхийн-Од ярьж байв.
USC-ийн дасгалжуулагч Ламонт Парис түүнийг бөмбөг удирдах чадвар, олон талын тоглолтоороо багийн тоглох хувилбарыг өсгөсөн тоглогч гэж үнэлсэн. “Тэр бөмбөг эзэмшиж, шийдвэр гаргах чадвар сайтай. Аль болох олон шийдвэр гаргана, довтолгоо төдий чинээ сайн болдог” гэж Парис онцолжээ.
Сүүлийн бэлтгэлийн үеэр Майк тоглолтыг гол байрлалаас удирдаж байсан бөгөөд энэ улиралд Мичи Жонсонтой хамт бөмбөг хуваалцах болно. Жонсон түүний тоглолтын хэмнэл, хэв маягийг USC-ийн хуучин холбогч Та’Лон Купертэй харьцуулжээ.
Парис “Майкийн тоглолтыг харах өнцөг үнэхээр онцгой. Тэр бол өндөр ур чадвартай тоглогч. Түүний дамжуулалтын тоо үргэлж өндөр байдаг” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: The State
Сэтгэгдэл (1)