Чойжин ламын сүм музей нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах, музейн урлагийн боловсролын ажлыг тэгш хүртээмжтэй хүргэх, соёлын өвөө хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “МУЗЕЙ БА ХҮҮХДҮҮД” өдөрлөгийг 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12:00-15:00 цагт зохион байгуулна.
Тус өдөрлөгөөр 5-14 насны 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд гэр бүл, асран хамгаалагчийн хамтаар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан соёл, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах юм.
Тухайлбал, дохионы хэлээр музей үзэж, урлагийн тоглолт сонирхохын зэрэгцээ ногоон орчинд “Цам”, “Авдартай музей”, “Аами Таами хоёр музейгээр аялсан нь” зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагдаж, өөрийн бүтээсэн цамын баг, баримлын шавраар урласан бүтээл, төрөл бүрийн зурагтай болж, сайхан дурсамж бүтээх юм.
Мөн дуучин Б.Батцэнгэл (Quiza) дохионы хэлээр “Сайн байна уу?” дуугаараа, Дауны холбооны элч дуучин “Wasabies” хамтлаг, “Монголоороо” ТББ-ыг төлөөлөн дуучин Г.Эрдэнэчимэг өөрийн охин Ж.Өдрийнцолмонгийн хамт, “Монгол циркус” энтертайнментийн хамт олон хүүхдүүдэд уран бүтээлээ өргөх юм.
Түүнчлэн “Тусгай олимпын хороо”-ны спортын мэргэжилтнүүдийн тусламж, заавраар “хонхот хөл бөмбөг”, “заалны хоккей”, “боче” спортыг музейн задгай талбайд тоглож нэгэн өдрийг дурсамж дүүрэн нэг өдрийн өнгөрүүлэх юм.