МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг тус холбоог их хэмжээний өр төлбөрт оруулж үйл ажиллагааг нь зогсоох нөхцөл байдалд хүргэсэн тул АТГ-т шалгуулах хүсэлт өгчээ. Энэ талаар МЗХ-ны удирдлагууд дараах мэдээллийг өгч байна “Өмнөх удирдлагууд болох А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг үед үүссэн хэд хэдэн асуудлууд энэ холбоог маш их мөнгөний өрөнд оруулсан.
Жишээлбэл, ТББ болон төрийн байгууллагуудад 2.3 тэрбум төгрөгийн өр үлдээсэн. Үүнд 2016 оноос хойш төлөгдөөгүй байгаа татварын өр, нийгмийн даатгалын өр бий. Ингээд нийтдээ 3.2 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан.
Хоёрдугаар сард шагналын асуудлаар мөнгө идсэн байсан. Өмнө нь шагналын орлого гэж маш их хэмжээний мөнгө төвлөрч байсан баримтууд байгаа. Гэхдээ шагналын мөнгийг дан өөрөө авч идсэн, нэг ч төгрөг төвлөрүүлээгүй. Өмнөх удирдлагын бүрэлдэхүүн 30 сая төгрөгийг хувиасаа гаргаж нэг медалийг 8500 төгрөгөөр бодож 4000 медаль захиалж авч ирээд 55000 төгрөгөөр бодож зарж байсан. Монголын залуучуудыг шагнал нэрээр шулж болох юм уу? Энэ асуудал хэдэн зуун сая төгрөгний асуудал болоод шүүхээр нотолсон, одоо ч шүүхийн шатанд явж байна" гэв. Харин МЗХ-ны бүтцийг сонгох их хурлыг ирэх зургадугаар сарын 30-ны дотор 3000 орчим залуусыг хуралдуулж зохион байгуулах юм байна.
Т.Мөнхжаргал