БНСУ руу зорчих зорчигчид нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг https://cov19ent.kdca.go.kr/cpassportal/ цахим хуудсанд бүртгүүлж, тухайн цахим хуудаснаас олгох QR кодыг хэвлэж биедээ авч явна.
Дээрх коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд долоо хоног тусгаарлана.
Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид ПСР шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгөх юм.