Өнөө шөнө Булган, Дархан, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний үргэлжилсэн бороо орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.
2022 оны долдугаар сарын 21-ний 20:00 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар шөнөдөө нойтон цас орно.