Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас шалтгаалж хүүхдүүд хүнд өвдөж, Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа талаар хүүхдүүдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Эцэг эхчүүдийн зүгээс дараах мэдээллийг өглөө. "Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас шалтгаалж Эх нялхсын зүрхний холбогч эдийн тасагт олон 1000 хүүхдүүд хэвтэж байна. Миний хүүхэд эрүүл саруул 10 нас хүрсэн ч эдгээр хүчин зүйлсээс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоонд орсон. Яг л кинонд гардаг зомби шиг бүх бие нь үенүүдээрээ хавдчихсан, алхаж гишгэж болдоггүй. Ганцхан миний хүүхэд биш маш олон хүүхдүүд ийм байдалтай байгаа.
Энэ өвчний нэршил нь системийн гаралтай юра фолийн артрит. Хүүхдийг хоёр хөл дээрээ явах чадваргүй болгодог. Цусны цагаан эс үйл ажиллагаа явуулж чадахгүйн улмаас шалтгаалдаг.
ЭХЭМҮТ-ийн зүрхний холбогч эдийн тасаг нь 2019 онд шинээр нээгдсэн тасаг. Энд агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас шалтгаалсан өвчтэй хүүхдүүд хэвтэж эмчлүүлж байна. Зөвхөн энэ өвчнөөс болоод эмнэлэгт шинээр тасаг нээгдэхэд хүрч байна. Энэ өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийг Монгол Улсад эмчлэх боломжгүй. Гурван жил уудаг, эмчилгээнд ашигладаг эм нь Монгол Улсад олддоггүй. Гэтэл БНСУ-д очоод эмчлүүлэхээр энэ эмийг аль 1990-ээд оноос хойш ашиглахаа больчихсон. Эцэг эхчүүд өнөөдөр хоол авахаас илүү бүх мөнгөөрөө хүүхдийнхээ эм, тариаг авч байна.
Надад энэ өвчтэй тэмцэж байгаа хүүхдүүдийн эм, тариа бий. Хавдартай хүүхэд сүүлийн шатны эмчилгээнд орохдоо уудаг метатрексат, хавдартай хүмүүсийн уудаг фолийн хүчил, преднизолон, химийн тариа гээд таны хүүхдийн ядаж нэг удаагийн өвдөлтийг намдаах эм тариа бий. Энэ эмийг авч чадахгүй байгаа, эм тариа нь олдохгүй байгаа хүмүүс ирээд аваарай. Ирж авах боломжгүй бол би хүргээд өгье. Миний утас: 86200101" гэв.
Т.Мөнхжаргал