Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Бүжгийн наадмыг нээж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үг хэллээ.
Тэрбээр “Сүүн зам наадам нь Япон улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг юм. Японоос зорин ирсэн бүжигчид та бүхэнд болон энэ наадмыг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасан хоёр орны холбогдох хүмүүст талархал илэрхийлье” гэв.
“Сүүн зам” бүжгийн наадмын үеэр төв талбайд үзэсгэлэн, яармаг худалдаа гарснаас гадна хоёр орны үндэсний бүжиг толилуулж байгаа юм. Ийнхүү Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори” бүжгийн урлагаас танилцуулж, Япон, Монгол орны бүх уран бүтээлчид хамтдаа бүжиглэснээр наадам өндөрлөх юм.
Японы үндэсний бүжиг “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг юм.