Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан шийдвэрлэж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Есдүгээр сарын 15-аас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ" гэв.