Олимп дэлхийн хос хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг эх орондоо эргэн ирээд "Winner judo sport club" хэмээх жүдо бөхийн клуб ажиллуулж байгаа билээ.
Тэрбээр нэгэн бяцхан охины эмчилгээний зардлын аянд оролцжээ. Мөн түүний шавь нар ч гэсэн багшийгаа даган хандив өргөсөн байна. Тухайлбал, Отгоогийн шавь нар нийт 175.550 төгрөг цуглуулсан ба багш нь гүйцээж 200 мянга болгон ээжийнх данс руу шилжүүлжээ.
Отгонцэцэг өөрийн цахим хуудсандаа "Дуслыг хураавал далай. Өнөөдөр бэлтгэл хийсэн бүх хүүхдүүд маань энэ бяцхан дүүгээ хурдан эрүүл саруул болоорой гээд өөрсөддөө байгаа мөнгөө цуглуулж хандивлалаа. Өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваах сайхан. 175550 төгрөг цуглуулж багш нь 200 мянга болгоод шилжүүллээ. Хүүхдүүддээ баярлалаа. Үргэлж бусдад тустай явахын төлөө "Winner judo sport club" бид хичээж явнаа" гэжээ.