УБТЗ ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, хүний оролцоо хамааралгүй болгох үүднээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлээд байна. Тээврийн захиалга, ачилтын дарааллыг ийнхүү хүний оролцоо хамааралгүй болгож цахимд шилжүүлснээр авилга, хээл хахууль, хүнд суртал гарах үндсийг таслан зогсоож, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Өнөөдрийн байдлаар, УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системдээ 560 гаруй үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулаад байна.Олон нийтэд төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан халуун цэг байсан. Үүнтэй тэмцэх гарц нь хүний оролцоогүйгээр ил тод нээлттэй болгох явдал. Товчхондоо, хэний ачааг хэзээ нэвтрүүлэхийг хэн нэгэн шийддэг бус бүртгэлийн программд оруулсан үйлчлүүлэгчийн мэдээллээс систем өөрөө оноожуулаад захиалга, ачилтын дарааллыг тогтоож байгаа хэрэг.
Хоног тутамд сул зогсолтын мөнгө төлж байдаг цаг ард хоцрох нь. Тиймээс одоо УБТЗ-аас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч албан тушаалтан оролцох боломжгүй гэсэн үг. Ингэхдээ мөн ачилтын захиалгыгзөвхөн вагон эзэмшигчдээс цахимаар авч, өөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААН-үүд экспортын ачилт хийлгэхээр бол хувийн вагон эзэмшигчдэд хандахаар боллоо. Энэ нь, авлига хүнд суртлыг арилгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ашиг сонирхлын сүлбээтэй гинжин холбоог тас цохих юм. Энэхүү мэдээлэлд иргэд, ААН-үүд ч туйлаас ам сайтай байна. Хэний ч хийж, хэрэгжүүлж чадаагүй энэ арга барилөнөөдөр УБТЗ-аар үйлчлүүлэгч 560 гаруй байгууллага, ААН-ийг “Манай ачаа хэзээ гарах вэ?” хэмээн царайчилж, хэн нэгэн албан тушаалтанд авлига санал болгох бус цахимаар хуваарилсан цаг хугацаа, өгөгдсөн вагоныг гар утаснаасаа харчих маш энгийн зөв алхам болж чадлаа. Хэрэв үүнийг эрт хийсэн бол нүүрс тээврийн үнэ “нисэж”, аманд багтамгүй авлигын хэмжээ өсөж, хэсэг бүлэг хүмүүсийг хуульгүй мэт баяжуулахгүй л байх байж. Гэвч оройтсон ч гэсэн зөв алхмыг эхэлсэн нь сайн хэрэг.
Сэтгэгдэл (2)