Япон улсын Рюкокү их сургуулийн санхүүжилт, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дэмжлэгээр Чингис хааны зарлигийн бичээс буюу “Хархорумын нэгдүгээр монгол бичээст хөшөө”-г Хархорин сумын Хархорум музейн өмнө дахин босголоо. Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 1346 онд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар босгож байсан уг хөшөөг 1380 онд Хятадын Мин улсын цэрэг Хархорум хотыг эзлэн шатаах үед эвдэрсэн хэмээн түүхэнд тэмдэглэжээ.
Монгол-Германы хамтарсан шинжилгээний анги 2003 оны наймдугаар сард хийсэн малтлагаар Эрдэнэ зуу хийдийн Цогчин дуганы сууринаас нэг бичигт хөшөөний хэсгийг олсон юм. Энэ нь Дундад зууны Монголын түүхэнд асар их үнэ цэнэтэй Хархорумын нэгдүгээр монгол бичээст хөшөөний хэсэг болох нь тогтоогдсон бөгөөд Хархорум хотын түүх-археологийн судалгаанд чухал үйл явдал болсон билээ. Уг хөшөөний бичээст “Чингис хаан их ор суусан 15 дугаар он цагаан луу жилд Хорумд суух балгасун оршигуулсан ажгуу” хэмээн өгүүлсэн нь 1220 онд Монголчууд Их Монгол улсынхаа нийслэлийг Орхоны хөндийд байгуулахаар сонгож авсныг гэрчлэх албан ёсны баримт болж байдаг аж.
Сэтгэгдэл (2)