БОАЖЯ-наас Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах асуудлыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгаж байгааг ан амьтан хамгаалах ТББ-ууд эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХААИС-ийн багш, агнуур зүйч Э.Магсаржав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Олон улсын хууль дүрэмд зэрлэг амьтны ашиглалт хамгаалалт уялдах ёстой гэж тусгасан байдаг. Харин Аялал жуулчлалын 18 дугаар зүйл заалтад зөвхөн ашиглах тухай л хөндсөн нь олон эрсдэлд хүргэнэ. Ховор амьтан агнах, барих журмын өөрчлөлтөд ашиглалтыг оруулсан ч хамгаалалтыг мөн л орхигдуулсан.
1990-2012 онд ан амьтан ашиглалтын тогтолцоо хэрэгжихгүй явснаар зарим зүйлийн амьтны тоо толгой 90 гаруй хувиар буурч, нэн ховор ангилалд орсон. 2012-2022 онд амьтны ашиглалт, хамгаалалтыг нутгийн иргэдэд шилжүүлсэн.
Ингэснээр 17 аймгийн 135 сумын хэмжээнд аргалийн тоо 20 мянга болж өссөн. Зэрлэг амьтны ашиглалт, хамгаалалтыг зөв тогтолцоогоор авч явахгүй бол тодорхой цаг хугацаанд хориглох нь зүйтэй” гэв.