Сэлбэ голын төсөлтэй холбоотой асуудлаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна. Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.
2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Сангийн яаманд төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг Сангийн сайдын тушаалаар Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байсан. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа тул энэхүү тайлбарыг хэлж байна" гэв.
Сэтгэгдэл (2)