Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагт дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройн 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл нэг өдөрт 134 тонн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдолоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн газраас "Зорчигчдод хүлээгдэлгүй шуурхай үйлчилцгээе" аян эхлүүлж, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн шугам замд авто тээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана. 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэв.