Монгол Улсын Үндэсний номын сангаас Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан "Монгол бичгийн цахим бичвэр-II" улсын уралдааныг зарлалаа. Уралдаан 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр цахимаар явагдана. Мэргэжлийн болон мэргэжлийн бус, сурагчдын гэсэн ангиллаар компьютерт юникодын болон юникодын бус фонтоор бичих, гар утасны Chimee хэрэглүүр ашиглан бүтээл зохиомжилж ирүүлэх журмаар зохион байгуулна.
Монгол хэлний тухай хуулийн хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Иймд тус уралдаанаар дамжуулан монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхийг зорьж байгаа ажээ.