Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг" зургадугаар сарын 2-ны өдөр боллоо.
Энэхүү өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад төдийлөн явагдаж байгаагүй, хугацаат цэргийн алба хаагчийн сүй тавих ёслолыг зохион байгуулжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн харьяат байлдагч Батсайханы Батхүлэг, түүний гэргий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Хүчитбаатарын Болортунгалаг нарын сүй тавих ёслолыг анги хамт олноороо зохион байгуулан гэр бүл, ахан дүүсийг урьж нэгэн өдрийг баяр баясалтай өнгөрүүлсэн байна.
Тус ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам "Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан бид нэгэн гэр бүл билээ. Амжилтаа хамт хүртэж, алдаагаа ч цугтаа үүрдэг. Нэгнийхээ баяр жаргал, зовлон гуниг бүрд ч ойрхон байхыг хичээж явдаг. Тийм ч учраас өнөөдөр байлдагчийнхаа гэргий, хөөрхөн хүү Б.Тэнүүгэн болон өвөө, эмээг нь урьж, амьдралынх нь мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээлцэж байна. Ерөөл учрал бүрдсэн энэ сайхан өдөр хоёр хүүхэд минь хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидлаа. Эрхэм байлдагч, эх орны хөвгүүнтэй заяа холбосон үзэсгэлэнт бэрдээ баяр хүргэе" гэлээ.