Энэ оны тавдугаар сарын 21-28-ны хооронд манай улсад Азийн физикийн олимпиад болсон билээ. Энэ үеэр Япон улсаас ирсэн ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагч Кэйтү монголд зохиогдож буй Азийн физикийн олимпиадын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр, “Азийн физикийн олимпиадад анх удаагаа оролцож байна. Энэ олимпиадад оролцохын тулд Яюон улсын гурван үе шаттай физикийн олимпиадад оролцдог. Эхний үе шатад хамгийн шилдэг гэсэн 1000 хүүхэд оролцож түүнээс 80 нь шалгарч хоёрдугаар шатанд ордог. Үүнээс ахин 40 хүүхдийг шалгаруулаад наймыг нь шигшиж Азийн физикийн олимпиадад оролцуулдаг.
Монголын физикчдийн боловсруулсан бодлого Японы физикчдийн боловсруулсан бодлоготой харьцуулахад хэтэрхий хэцүү байлаа. Би Японд хэзээ ч ийм бодлого бодож байгаагүй. Гэхдээ үнэхээр сонирхолтой бодлогууд байсан. Би физикийн мэдлэг илүү байсан бол бодож чадах байсан гэж бодож байна.
Монголд байхдаа Японтой холбоотой олон зүйлүүдийг харлаа. Монгол Улс үнэхээр сонирхолтой, сайхан улс байна. Монголын хөдөө маш гоё, агаар нь илүү сайхан санагдлаа. Энэ надад маш үнэ цэнтэй аялал боллоо" гэв.