Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбарын хамтарсан “Зам-2023” сургуулийн хоёрдугаар шат Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэн амжилттай явагдаж байна. Сургуулийн үеэр зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ нь монгол, япон инженерүүдийн гар нийлэмжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлах зорилготой “Соёлын өдөрлөг” юм.
Уламжлал болсон энэхүү өдөрлөг зургадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж, монголчуудын өв уламжлалыг илэрхийлсэн “Бэсрэг наадам” болон ЦДБЭЧ-ын урлагийн тоглолтоор үргэлжилж, сургуулийн удирдагч ХЗЦК-ын Инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Дүнжингарав, Япон Улсын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Хомма Минору нар хоёр орны инженерийн цэргүүдэд баяр хүргэсэн юм.
Хүчит 32 бөхийн барилдааныг Монгол Улсын заан, ахмад Б.Батмөнх тайлбарлаж, дэд ахлагч Б.Ганбаатар түрүүлж, сумын заан, ахлагч Б.Батзаяа үзүүрлэв. Үндэсний сурын харваанд монгол, япон инженерүүд цэц мэргэнээ сорин оролцсоноос тэргүүн байрт ахлагч Б.Батзаяа, дэд байрт Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургалтын багийн дэд ахлагч Араски шалгарч, хурсан олныг баясгалаа.
Хөгжөөнт буухиа тэмцээнд хоёр орны цэргийн алба хаагчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөхөд Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургалтын багийн дэслэгч Сасаки ахлагчтай баг тамирчид тэргүүлсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд Япон Улсын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Хомма Минору “Монголчуудын түүх уламжлал үнэхээр гайхамшигтай юм. Дахин давтагдашгүй соёл уламжлалтай ард түмэн.
Энэ дэлхийгээс өөр хаанаас ч хайгаад олохгүй. Соёлын арга хэмжээ бол манай дайчдын хүсэн хүлээдэг хөтөлбөрийн нэг.
Монгол түүх уламжлалаа сурталчилсан мөрдэс нэгт нөхдөдөө баярлалаа” хэмээн талархал дэвшүүлж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхсон юм.
Эх сурвалж: Ахмад Г.Мөнхболд