НОБГ-аас энэ онд нийслэлийн хэмжээнд гарсан гал түймэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
"Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 857, аврах ажиллагааны 99 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж 1250 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Иргэд хашааныхаа өнжмөл шар өвсийг шууд шатаасны улмаас гал түймэр гарах эрсдэл маш өндөр байсан. Үүнээс урьдчилсан хамгаалах зорилгоор "Шар өвс шатахуунтай" адил аяныг хоёр сарын хугацаанд өрнүүлж, мэдээллийг хүргэж ажилласан. Мөн хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, 10,743 орчим иргэнд түймрээс сэргийлэх мэдээллийг өгч ажилласан. 68 удаагийн гал түймрийг газар дээр нь илрүүлэн унтраасан байна. Өнжмөл шар өвсийг шатаан цэвэрлэж байсан болон гагнуур хийж байсан 54 зөрчлийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авч ажиллав. Мөн Дорнод, Сүхбаатар, Булган аймагт өргөн талбайг хамарсан түймэр гарч, ихээхэн хэмжээний хохирол амссан. Нийслэлд хаврын хуурайшилттай үед түймэр гараагүй. Энэ нь иргэдийн ухамсар дээшилсэн, ХМХ-ийн үүрэг оролцоо их байсантай холбоотой. 2023 онд өмнөх онтой харьцуулвал 75,3 хувиар буурсан үзүүлттэй байна" гэв.