Улаанбаатарт тарваган тахлын нэг тохиолдол нэмж бүртгэгдсэнийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний энэхүү сэжигтэй тохиолдлын сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд Молекул биологийн шинжилгээ /PCR/-ээр шалгахад үүсгэгчийн өвөрмөц ген илрээгүй тул онош үгүйсгэгдсэн болохыг ЗӨСҮТ-ээс тухайн өдрийн буюу наймдугаар сарын 10-ны 23:15 цагт албан хуудаснаа мэдээллээ.
ЗӨВЛӨМЖ:
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.